”ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй”

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

”ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй”

Засгийн газраас эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хувь, хэмжээг саяхан шинэчлэн баталсан. Энэ талаар НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.


-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд бичиж байна. Яагаад ингэж нэмэх болсон юм бэ?

-Үнэндээ бол Эрүүл мэндийн даатгалын иргэдээс авах шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй. Энд жаахан ташаарсан ойлголт яваад байх шиг байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг жил бүр Засгийн газар тогтоодог. Тиймээс хуульд заасны дагуу Засгийн газрын 2011 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж батлахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоол батлагдсанаар 2012 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогчийн хариуцан төлөх нь хоёр хувь, ажилтан буюу даатгуулагч өөрөө хариуцан төлөх нь хоёр хувь байна. Өмнө нь энэ л хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан.

-Тэгвэл аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын төлөх шимтгэлийн хэмжээ 2012 онд өөрчлөгдөхгүй, хэвээрээ байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилт­ны төлөх шимтгэлийн хэмжээ 2011 онд мөрдөж байсан хэмжээнээс огт өөрчлөг­дөөгүй хэвээрээ  байгаа. Өөрөөр хэлбэл, даат­гуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ хоёр хувь байна.

-Бусад даатгуулагчийн төлөх шимтгэ­лийн хэмжээг яаж тогтоосон бэ?

-Төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан иргэний сард төлөх шимтгэлийн хэмжээ 670 төгрөг байхаар тогтоосон. Энэ нь мөн л 2011 оны хэмжээгээр хэвээр нь тогтоосон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэн 2012 онд жилдээ 8040 төгрөг төлж эрүүл мэндийн даатгалд хамрагдах юм.

-Тэгвэл яг ямар шимтгэл нь нэмэгдсэн юм бэ?

-Иргэний эрүүл мэндийн даатгалын ту­хай хуульд зааснаар ямар нэг байгууллагад ажилладаггүй гадаадын иргэн, харъяалалгүй хүн эрүүл мэндийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулж болдог. Тэдний сард төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зургаан хувьтай тэнцүү буюу 8424 төгрөг байхаар баталлаа. Энэ нь 2011 онд мөрдөж байсан хэмжээнээс сардаа 3064 төгрөгөөр, жилдээ 37648 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж