Таны орон байр халдашгүй юү

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Таны орон байр халдашгүй юү

Хуульч О.Алтангэрэлийн булан үргэлжиж байна.

Харамсалтай нь үгүй гэж хэлье. Орон байрныхаа халдашгүй байдлыг хамгаалах эрх ч байхгүй. Эрүүгийн хуульд “Иргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчих” гэсэн зүйл анги байдаг ч энэ зүйл ангиар шийтгүүлсэн хүн бараг байхгүй. Би л хувьдаа дуулаагүй. Уг нь хууль нь иргэнээ хамгаалахад чиглэсэн улс орнуудад иргэдийн орон байр, түүний халдашгүй байдал гэдэг бол нэн тэргүүнд тавигддаг чухал зүйл.

Арав гаруй жилийн өмнө Хөвсгөл аймагт АНУ-ын иргэн Жорж Рислей гэгч нэгэн монгол залууг буудан хороо­сон хэрэг гарсан. Буудах үедээ америк эр монгол залууг өөрийнхөө эдлэн газарт хууль бусаар нэвтэрсэн гэж үзэн шууд буудчихсан байдаг. Америкт өөрийнхөө эдлэн газарт, эсвэл орон гэрт нь хууль бусаар нэвтэр­вэл шаардлагатай арга хэрэгслээр хамгаалах, тэр дундаа галт зэвсэг хэрэг­лэх эрхтэй байдаг нь түүнийг тэгж бодо­ход нөлөөлсөн биз. Монголын шүүх тухайн үеийн Эрүүгийн хуулиар, арга­гүй хамгаалалт хэтрүүлсэн гэдэг зүйл ангийг баримталж түүнд хорих ял оноогоод, эцэст нь түүнийгээ тэнсээд нутаг буцаачихаж билээ. Хүнээ алдаж хохирсон ар гэрийнхэн нь шүүхийн шийдвэртэй, шийдвэргүй хариугаа авна гээд хэлсэндээ хүрч америк эрийн үр хүүхэд нь тун удалгүй осолд орж эндсэн сураг дуулддаг…

Томоохон хотуудаасаа хол орших Оросын тосгон сууринуудад гол төлөв эмгэд, хөгшид амьдарцгаадаг. Үр хүүхдүүд нь хот бараадаж, төрийн албан хаагч голдуу хөрштэйгээ хамт амьдардаг тэдгээр хөгшчүүлийн хамгийн том дайсан нь архичин, хар тамхичин, хулгайч нар. Ногооны хашааг нь давж орж ирээд гэр орныг нь тонох, үгүй ядахдаа л нохойг нь хулгайлаад хуушуур хийгээд идчи­хээсээ сийхгүй тэр этгээдүүдийн эсрэг хэрэглэнэ гээд түлээний сүхийг тонго­рог шиг хурцалчихаад сууж байгаа эмээ нартай олон таарч байлаа. “Хүн ал­сан, үгүйдээ гэмтээж бэртээсэн хэ­рэгт орно шүү дээ. Болох юм уу” гэж асуухаар “Манай хуулиар болно оо” гэж хээвнэг хариулаад сууж байх.

Иргэний орон байр гэдэг бол Төрийн ордон, Их тэнгэр, Төв банктай яг адилхан халдашгүй объект мөн. Ялгаатай нь төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчид юм уу цагдаа нар айл болгоны гэрийг манадаггүй. Тийм боломж ч байхгүй. Нэгэнт тийм боломж байхгүй тул төр иргэдэд өөрсдийгөө хамгаалах бололцоог нь хуулиар нээж өгөх ёстой. Хамгаалах арга хэрэгслийг нь ч бас хамтад нь шийдэж болно. Халдашгүй байдлаа хамгаалсныхаа төлөө иргэн хүн буруутаж болохгүй гэдэг нь гол зарчим.

Өнөөдөр байдал ямар байгаа билээ. Хашаанд нь орж ирээд хулгай хийж байгаа этгээдийг модоор цо­хиод бэртээчихвэл өөрөө ял үүрнэ. Оруулах­гүй гээд байхад хүчээр дайрч орж ирчихээд агсам тавиад байгаа этгээдийг их л сайндаа эрүүлжүүлж хашраана. Эсвэл танхайрсан гээд торгоно шүү дээ!

Өр барагдуулна гэсэн нөхөд нэг хэсэг гаарсан. Авлагатай этгээдийн хүсэлтээр өртэй нэгний гэрт нь орж суучихаад өрөө төлтөл нь гардаггүй байсан гэдэг. Өрөө төлөх хүртэлх хугацаанд гэрийн эзэн шиг тухалж, хоолноос нь хороогоод л сууж байдаг. Уг нь хуулиараа иргэнийхээ орон байрыг хамгаалсан улсад бол ийм “даварсан шаар”-нуудыг хүчээр орж ирэхэд нь буудаад унагахад гэрийн эзэн буруутахгүй.

Хүний орон гэр гэдэг бол хамгийн нандин орчин. Тэнд гэр бүлийн амьдрал өрнөж, халуун дулаан уур амьсгал оршин байдаг. Улс төр, элдэв бухимдал, хямрал гутралаа босгон дээрээ гээгээд ордог тэр нандин орчноо иргэн хүн өөрөө хамгаалах, төрөөс түүнийг нь баталгаажуулах эрх зүйн орчин дутмаг байна гэдэг юутай харамсалтай вэ.

Хороо хорины ажилтан, гэрлийн байцаагч, эргүүлийн цагдаа зэрэг элдэв хүмүүс ямар ч зөвшөөрөлгүй байж нэвтрэх эрхтэй, албатай хэмээн санадаг монгол хүний орон гэрийн халдашгүй байдлын талаар анхаарах цаг болсон. Эзэнгүй гэрт хэн дуртай нь орж ирээд, хоол цай хийж идэн дураараа тухалдаг монгол ахуй суурин иргэншилд хэдийнэ ууссан биднээс улам алсалсаар байна.

Иргэн хүний гэр бүлээ хамгаалах эрх нь орон байрныхаа халдашгүй эрхийг хамгаалахаас, түүнд шаардлагатай арга хэрэгслийг хэрэглэх эрхийг өгөхөөс эхэлнэ. Зөвхөн УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд л энэ эрхийг эдэлдэг юм биш. Бид бүгд Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхтэй, Монгол Улсын иргэд шүү.

Хуульч О.Алтангэрэл

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж