УИХ-ын дарга Д.Дэмбэрэл идэвхгүй болжээ. Жил бүр Төсвийн тухай хуулийн төслийг батлах үед түүний ийм идэвхгүй байдал ажиглагдах юм. УИХ-аар одоо ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Харин ирэх сарын 1 гэхэд уг хуулийн төслийг баталж амжихгүй бол хуулиараа УИХ тарах учиртай. УИХ-ын дарга амжиж батлах гэж амьхандаа зүтгэн, чуулганыг оройн 23.00 цагт хуралдуулж байх жишээтэй. Ингэж оройтон байж хуралдсаны эцэст дараагийн хэлэлцүүлэгт л шилжүүлэхээр болсон юм. Өнгөрсөн чуулганаар мөн л Төсвийн тухай хуулийн төслийг хугацаанд нь батлах гэж зовж байсан санагдана. Ер нь цагийг нь тулгаж хийх гэж зүдэрдэг, ийм идэвхгүй байдалтай байж болно гэж үү. Сүүлийн үед УИХ-ын гишүүд спикерийнхээ үгэнд орохоо больж. Үүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд суух гишүүдийн ирцээс харж болно. УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаанд бараг зав зайгаараа суудаг гэхэд хилсдэхгүй. Уг нь цадигаа алдсан гишүүдийг дарга нь зад загнаж, хуралд суух үндсэн үүргийг нь ойлгуулах ёстой баймаар. Гэтэл ингэх нь битгий хэл тэдний толгойг илэх нь холгүй байх юм. Мөн даргыгаа “худалч”-аар нь дуудаж буй УИХ-ын гишүүний өөдөөс дорвитойхон дуугарчихаж бас л чаддаггүй. УИХ-ын даргын энэ мэт зөөлөн бас идэвхгүй байдлаас нь болж УИХ-ын гишүүд түүний толгой дээр гарах нь. “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэдэг ч хэтэрхий зөөлөн байвал хэн ч тоохоо больж мэдэх юм. Тиймээс спикер Д.Дэмбэрэл гишүүд, сайд нарынхаа өөдөөс хааяа ч гэсэн олигтойхон үг хэлж, алхаа чанга цохиж сурах хэрэгтэй болов уу. Харин ингэж аашлахын цаана сайн тал бий. Жишээ нь ажлаа хийдэггүй гишүүдийг номонд нь оруулах ч гэдэг юм уу.
Ц.Энхцэцэг
"Улс төрийн тойм" сонин