Ардын намын Бага хурал өнөөдөр буюу XXVI их хурлаас хойш нэг жилийн дараа хуралдах гэж байна. Намын их хурлын 800 төлөөлөгч өнгөрсөн жил “С.Батболд, Ө.Энхтүвшин нарын чухам хэнийг нь намын даргаар сонгох вэ. Намын шинэчлэл дөнгөж эхэлж байхад хэн нэгнийг халах, солих операци явуулах нь зөв үү” хэмээн мэтгэлцэж байсан бол Бага хурлын гишүүд нь С.Батболдын багийнхан УИХ-ын 2012 оны сонгуульд ямар тактиктай оролцох талаар хэлэлцэнэ. Ардын намын Удирдах зөвлөл өнгөрсөн даваа гарагт хуралдах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс “Нааш харж инээчихээд цааш хармагцаа намаа муулдаг нөхөд цөөнгүй байна. Тэд хэний хүчинд хэн болчихоод нам руугаа дайраад байгаа юм бэ. Ерөөс УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө иймэрхүү нөхдөд арга хэмжээ авах хэрэгтэй. Намын гишүүдийн сахилга, хариуцлагын талаар нухацтай ярилцахгүй бол болохгүй нь байна шүү” хэмээн ширүүхэн дуугарсан. Үнэхээр ч Төрийн ордонд Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн нар Ардчилсан намынхантай хүч хавсран Ерөнхий сайдыг огцруулах ажиллагаа зохион байгуулах гэсэн биш Үндсэн хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар зөрүүтэй заалт тусгасныг илчилж орхисон билээ. Түүгээр ч зогсохгүй ирэх оны төсвийг цаг хугацаанд нь баталж чадахгүй сандарч суугаа гишүүдийг УИХ-ын тухай хуулийн 7.1.12 буюу “УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах” гэсэн утгатай заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах өөр нэгэн ажилтай болгочихоод байгаа.
Муухай ааш нь хөдөлбөл Ерөнхий сайд С.Батболд, хамтарсан Засгийн газрын эсрэг бичиг цаас бариад гүйлдчихдэг гишүүдийн зан ийн дарагдахгүй байгаа бол авлигын хэрэгт нэр холбогддог Засаг дарга нар Ардын намд цөөнгүй бий. Тиймээс Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнх, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нарыг албан тушаалаас нь эгүүлэн татах талаар ч өнөөдөр хэлэлцэх бололтой. Гэвч аймгуудын Засаг дарга нарын асуудал зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой биш юм. “МАХН-ын байгуулсан мянгатуудын армид аймаг, сумдаа эзлүүлсэн” гэх шалтгаанаар Хөвсгөлийн Засаг дарга Л.Цэрэнжавыг огцруулах эсэхдээ тулсан нь энэ аж.
Ардын намынхан XXVI их хурлаараа С.Баяр, М.Энхболд, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Ц.Сүхбаатар нарыг нарийн бичгийн даргаар сонгосон. Тэгвэл энэ удаад орон тооны хоёр, орон тооны бус нэг нарийн бичгийн даргыг нэмж сонгохоор болжээ. Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, TV5 телевизийн ерөнхий зөвлөх Д.Сарангэрэл, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нарыг орон тооны, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмааг орон тооны бус зөвлөхөөр сонгохоо хэдийнэ шийдсэн байна. Ардын намын дарга С.Батболдын тухайд, намынх нь лидерүүдийн зүгээс гаргасан саналын дагуу ёс зүй, хариуцлагатай холбоотой сэдвүүдийг улс төрийн илтгэлдээ хөндөх бол Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондог ч мөн адил. Өнгөрсөн жил “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялагдсан минь С.Баярын хийсэн хуйвалдааны үр дагавар” гэж Н.Энхбаяр мэдэгдсэн. Энэ талаар хэлэлцэн нягталж өгнө үү” гэх утгатай өргөдлийг С.Баяраас хүлээн авсан ч хэн, хэнийх нь гомдлыг барагдуулалгүй дарж орхисон түүнд намынхаа гишүүдийг “ховлох” зүйл мундахгүй олон байгаа биз. Ямартай ч Ардын намынхан Бага хурлын ээлжит хуралдаанаараа хүний, өөрийнхөнтэй хүч хавсарцгаадаг нөхдөө авч хэлэлцэн 2007 онд баталсан Ёс зүйн дүрмээ шинэчлэхээр тохиролцжээ. Харин тэдний хувьд, УИХ-ын 2012 оны сонгуульд барьж орох “зэвсэг” нь Оюутолгой, Тавантолгой болон бүтээн байгуулалтын бусад хөтөлбөр байх нь С.Батболдын илтгэлээс тодорхой харагдана. Тэрбээр Бага хурлын гишүүдэд Монголын нийгэм, эдийн засгийн стратегийн ирэх 20 жилийн төлөвлөгөөний төслийг танилцуулна.
“Ардын намынханд нууц төлөвлөгөөгөө алдсан” гэгдэх Н.Энхбаярын хувьд ч улс төрийн нэн шинэ түүх бүхий нэг жилийг ардаа орхиж байна. МАХН-ын онц их хурлыг хуралдуулж, намын дарга болсон. Ардын намынхан МАХН хэмээх товчлолыг олон хувилбараар copy-дож, өмнө нь хаалт босгосон. Үндсэн хуулийн Цэц өөрсдийнх нь эсрэг шийдвэр гаргасан ч Улсын дээд шүүхийнхнээр Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ыг улс төрийн 18 дахь намаар бүртгүүлж чадсан. МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр, журмын нөхөр С.Молор-Эрдэнэ нар өөрөөс нь урвасан. Басхүү Монголын 15 олигархийг толгой дараалан нэрлэж, Ц.Нямдоржийг “тайчсан”, үүнийхээ шанд АТГ-т шалгуулж эхэлсэн, туслах залуу нь баривчлагдсан гэхмэтчилэн тоочиж барамгүй олон явдалтай нүүр туллаа. Гэхдээ тэрбээр гартаа ганц сэлэм барьсан тулаанч шиг байхгүй нь тодорхой. М.Энхсайхан тэргүүтэй Монгол үндэсний ардчилсан нам, иргэний хөдөлгөөнийхөн, мянгат, зуутын цэргүүдийнхээ хүчээр эрх баригчид руу дайрах тактикаа хэдийнэ эхэлчихсэн. Харин улстөрч Н.Энхбаярын тулааны хоёр дахь жил хэрхэн үргэлжлэх нь сонирхол татна. Учир нь Н.Энхбаяргүй Ардын нам, Ардын намгүй Н.Энхбаярынхныг эвсэх, аль эсвэл эцсийн тулаанаа хийх хоёрхон гарц л 2012 онд хүлээж байна.
"Улс төрийн тойм" сонин