Төрийн албан хаагчид ажлаа хийхгүй, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байгаагийн тод жишээ бол Дархан сумын багуудын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт юм. Одоогоос жил хагасын өмнө энэхүү асуудал яригдаж, зохих шийдвэрийг гаргасан хэдий ч ажил хэрэг болох гэсээр удлаа. Ард иргэдээс нөлөөлөх хүчин зүйл байхгүй болохоор ажлаа урагшлуулахгүй байгаа Дархан сумын ЗДТГ-ын хариуцлагагүй байдлаас болж, өдийг хүртэл хугацаа алдсаар байна. Холбогдох албаныхны өгдөг хариулт бол, нийтэд мэдээллэх болоогүй, хэрэгжинэ гэдэг цайны хэдэн үг аж. Дархан Сумын Засаг даргын зөвлөл 2011 оны хамгийн эхний хуралдаанаараа шийдвэрээ гаргасан. Үүний дараагаар аймгийн ИТХ-ын тогтоол ч гарч, багийн нийгмийн ажилтан, засаг даргын цалинг төсөвт суулгаж, иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөний хуулганы үнэ болох 5.6 сая төгрөгийг ч шийдвэрлээд удаж байна. Шийдвэрүүд гараад, санхүүгийн хувьд ч боломжоор хангаад байхад энэ оны багуудын бүтэц зохион байгуулалтыг энэ оны сүүл мушгин, эхлүүлжээ. Гэвч сонгуулийн хуулийн дагуу сонгууль болохоос зургаан сарын дотор шилжилт хөдөлгөөн хийгддэггүй учраас энэ ондоо багтаж иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээг бүрэн шинэчлэж амжих уу гэдэг асуудал ч анхаарал татаад байна. Харин он дамжсан энэ асуудал одоог хүртэл хэзээ хэрэгжиж, ажил хэрэг болох нь тодорхойгүй байна. Бүтэн нэг жил, зургаан сарын өмнөх яриа, өнөөдөр ч тэр хэвээрээ л яригдаж байгаа нь сонирхолтой юм. Иймээс нэгдсэн нэг ойлголтонд хүрч Дархан сумын багт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх үү, үгүй юу гэдгийг энэ долоо хоногийн лхагва гаригт аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг хуралдуулж, шийдвэрлэхээр тогтжээ. Гурван багийн асуудал байгаа. Нийт 11 мянган оршин суугчид шилжилт хөдөлгөөнд оролцохын 8000 нь 18-ааас дээш насны буюу сонгуулийн насныхан юм. Иймээс энэ ондоо багтаж, өөрчлөлт хийж чадахгүй бол өөрчлөлтийг эхлүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтэнд хүрээд байна.
У.Гэгээ