Хакухо 21 дэх түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Хакухо 21 дэх түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын Кюүшю башё Фүкүока аралд өндөрлөж, их аварга Хакухо М.Даваажаргал башёгийн түрүү бөхөөр тодорлоо. Башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаан хүртэл ганц ч унаагүй тэргүүлж байсан ёкозуна Хакухо өчигдөр озэки Барутотой барилдаж, хатакикоми мэхээр өвдөг шороодсоноор зеншё-юүшё буюу ганц ч унаагүй түрүүлэх боломжоо алдсан. Гэхдээ тэрбээр башёгийн 13 дахь өдрийн барилдаанд озэки Котоошюг шитатэнагэ мэхээр ялснаар мэргэжлийн сумо бөхийн макүүчи зиндаанд 21 дэх түрүүгээ авах нь тодорхой болсон билээ.

Сумогийн дээд зиндаанд барилдсан Монголын бусад сумочдын тухайд озэки Харумафүжи Д.Бямбадорж найман даваа, долоон унаа, сэкиваки Какурюү М.Ананд 10-5, баруун жигүүрийн маэгаширагийн хоёроос босч барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням 4-11, Токитэнкү /М7/ А.Хүчитбаатар 6-9, Асасэкирюү /М13/ Б.Дашням 6-9, Тамаваши Б.Мөнх-Оргил /М13/ 5-10 гэсэн амжилтаар кюүшю башёг өндөрлүүллээ.

Энэ башёд жюүрё зиндаанд Икиои 12 даваа, гурван унаатай түрүүлсэн бол макүшита зиндаанд Монголын сумоч Сэншё, санданмэд Сакүмаяма, жониданд Вакаяма, харин Жонокүчи зиндаанд Икэрү тус тус түрүүлсэн байна. Улмаар ирэх оны тэргүүн башёд Ёшиазума, Тэнкайхо, Чиёнокүни, Таканояма, Тосаюүтака, Нионоуми, Кёкүшюхо нарын сумочид дээд зиндаанд дэвшин барилдах болж байгаа юм. Эдгээр бөхчүүдээс Тэнкайхо, Чиёнокүни, Ноиноуми, Кёкүшюхо нар анх удаа макүүчи зиндаанд дэвшиж байгаа ажээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж