Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Галбирын хальтиргаа

“Галбирын
халтиргаа”. Гадны үг хэллэгийг монголчлох дуртай өвөрмонголчуудын “уран
гулгалт”-ыг монголчилсон нь энэ. Энэ үг чухамдаа өвөл цагийн
улаанбаатарчуудын нийтлэг төрхийг илтгэдэг билээ. Бид галбираараа
хальтирах азгүй ч юм уу, азтай ч юм уу хувь заяаг амсах ёстой байж.
Хажуу тийшээ, арагшаагаа, урагшаагаа хоёр гурван удаа дохигнох залуус,
хөгшид, хүүхэд өвлийн Улаанбаатрын нийтлэг өнгө төрх. Тэд элдэв маяг
сурч, бүжгийн хөдөлгөөн хийсэндээ биш хальтираад уначихгүйн тулд л ингэж
явна шүү дээ. Идэр ес эхлэхээс өмнө сэрүү унаж, цас будрахтай зэрэгцэн
бид хамаг биеэ хавчин, тогоруу шиг явах шаардлагатай тулгардаг.
Гадаадаас авчирсан цементэн хавтан нь хөлдөж бид түүн дээр нь явах
хэцүү, гулгах хэцүү болсоор удаж байна. Ялангуяа өвөл Сүхийн талбайгаар
явах шиг шийтгэл үгүй. Шил, толь шиг гялалзсан “гайхалтай” талбай дээр
нь тэшээд уначихвал олны нүдэнд хошин шог, өөрт бол эмгэнэлт жүжиг
болно. Төр, засгийн байгууллагаас эхлээд дэлгүүр, хоршоо, албан
газруудын урд талын шат бол бүр ярих юм байхгүй. Ямар нэгэн тулах, түших
юм байхгүй бол ганц гишгээд “хөдөлмөрийн чадвараа хагас алдах” эмгэнэлт
хувь заяа хүлээж ч байж болох. Мэдээж ямар ч хүн ажилдаа орох гэж эсвэл
дэлгүүр хэсэх гэж байгаад тахир дутуу болохыг хүсэхгүй. Албан газруудын
боссын чамирхах хүслээс нь болоод жирийн ард нь зовж байгаагийн нэг
жишээ нь энэ.

Өвлийн улиралд “Яаралтай түргэн тусламжийн төв”-д
ирж байгаа дуудлагын бараг тал гаруй хувийг хальтирч унасан дуудлага
эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. Өвлийн улирлын зөвхөн нэг долоо хоногт нь
гэхэд 360 хүн хальтирч унасан гэсэн шалтгаанаар эмчид ханддаг
ажээ.Тэдгээрээс хэд нь хөдөлмөрийн чадвараа алдаж, хэд нь насаараа
хазгар явах болсныг бид мэдэхгүй. Ямар ч байсан хотын гудамж, талбайгаар
хазгар доголон болохгүйн тулд биеэ хагас хавчсан хүмүүс явж л байна.

Хотын
захиргаанаас бидний халаасанд багтахааргүй их мөнгөөр Хятад,
Солонгосоос элдэв чамин хэлбэртэй, өнгө зүстэй цементэн хавтангуудыг
хотын гудманд “дэвсэх” болсон. Өмнө нь байсан саарал цементийг хотын
өнгө үзэмж гутааж байна гээд шүү дээ. Гэтэл өнгө төрх нь чамин ч өвлийн
цагт үнэгүй “уран гулгалтын талбай” болдгийг эрхэм хотын удирдлагууд
тооцоолоогүй бололтой. Арга ч үгүй юм л даа. Халуун дулаан зонхилсон цаг
ууртай орнуудад хэрэглэдэг энэ цемент манайд яаж тохирох вэ дээ. Мэдээж
монголчуудад зориулаад тусгай юм хийхгүй нь ойлгомжтой. Тиймээс бид
адилхан цаг ууртай орны цементэн хавтан авахаас өөр сонголтгүй болжээ.

Хальтирч
унахгүйн тулд хамаг биеэ хавчсаар байтал нуруу хөшиж, булчин чинэрэх
шинжтэй. Дэргэд унасан гурван залууг хараад хөдлөхөөсөө ч айх шиг.
Унасан хүмүүс амандаа “Ямар тэнэг нь каток шиг юм тавьдаг байна аа” гэж
үглэн цасаа гөвөөд босох. Залуус ингэж үглэж, унаж, тусч байгаа юм чинь
хөгшид яаж явах нь ойлгомжтой. Тэд хажуудаа хүнтэй, гартаа таягтай
явахгүй бол бэрх. Ядаж байхад хотын бүх гудамж, бүр гэр хорооллын
айлуудын зарим гудамж хүртэл ийм болохоор “гэмтэнд гишгих газар үгүй”
гэдэг шиг жирийн иргэдэд гишгэх газар олдохгүй. Бусдаас ялгарах дуртай
улаанбаатарчуудын бусад хотуудаас ялгарах нэг онцлог нь энэ. Бүх иргэд
нь “галбирын хальтиргаа” үзүүлнэ. Халуун орны хүмүүсийн зүүдэндээ ч
төсөөлөхөөргүй хувь заяатай бид жил бүрийн өвөл учирдаг гэж ойлгож
болно. Магадгүй бид тэднээс “азтай” ч юм билүү. Өвлийн улирал дийлэнхийг
эзэлдэг бусад улсуудтай харьцуулахад бид азгүй. Учир нь тэнд техник
технологи хөгжөөд “хальтрахуйн” зовлонд унахаас нэгэнт салжээ.

Өвөл дуусах яагаа ч үгүй байна. Дахид гурван сарын турш бид “галбирын хальтиргаагаар” гайхуулна….

Б.Болорсүх


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж