Йемений дэд ерөнхийлөгч Абдраббу Мансур Хади сөрөг хүчний намын гишүүн асан Мохаммед Басиндваг Ерөнхий сайдаар томиллоо. Шинээр томилогдсон Ерөнхий сайд ирэх хоёрдугаар сард болох Йемений бүх нийтийн сонгууль хүртэл түр Засгийн газрыг тэргүүлэх юм. Йемений ерөнхийлөгч Абдулла Салех тус улсад өрнөсөн есөн сарын цуст мөргөлдөөний эцэст Персийн булангийн орнуудын удирдагчдын ятгалгаар албан тушаалаасаа огцорч, эрх мэдлээ дэд ерөнхийлөгч Хадид шилжүүлсэн юм. Тэрбээр олон сар үргэлжилсэн мөргөлдөөний үеэр баривчлагдсан эсэргүүцэгчдэд өршөөл үзүүлэхээ амласан. Харин өнгөрсөн зургадугаар сард түүний өргөөнд халдаж, амь насанд нь заналхийлсэн этгээдүүдэд өршөөл үзүүлэхгүй гэдгээ Йемений төв телевизээр мэдэгдсэн байна. Уг халдлагын үеэр Абдулла Салех хүнд шархадсан билээ. Салехын Ардын ерөнхий конгрессын гишүүн асан шинэ Ерөнхий сайд Мохаммед Басиндва нь өмнө нь гадаад харилцаа, мэдээллийн яамны сайдын албан тушаал хашиж байжээ. Гэвч тэрбээр 10 жилийн өмнө бие даасан сөрөг хүчин болсон ажээ. Өнгөрсөн бямба гаригт дэд ерөнхийлөгч Абдраббу Мансур Хади бүх нийтийн сонгуулийг ирэх хоёрдугаар сарын 21-нд явуулна гэж мэдэгдсэн юм. Сүүлийн есөн сарын хугацаанд Абдулла Салехын дэглэмийг эсэргүүцсэн жагсагчид болон цэргийнхэний хооронд гарсан мөргөлдөөний улмаас хэдэн зуун хүн амиа алдсан юм.
Н.Энх