Өөр хэмээх энэ тодотгол бидэнд ч мөн хамаатай. “Тэнгэрийн ташуур” тэр чигээрээ өөр хөг, өөр өгүүлэмж, өөр мэдрэмж байлаа. Дэлхийн сонгодог голдуу эгшиглэдэг тайзан дээр энэ удаа улс тунхагласны баяраар сонгодог тавилттай хэрнээ монгол язгууртай, өрнийн аялгуутай хэрнээ нүүдэлчний хөгтэй нэгэн бүтээл морилов. Театрт өөр агаар авчирсан энэ бүтээлийн аялгуу болоод дэг найруулга нь нэгэн хүний тархи сэтгэлээс ундран гарсан нь өөр хэмээх тодотголд хамаараах бас нэгэн баримт. Соёлын тэргүүний ажилтан А.Батдэлгэр “Тэнгэрийн ташуур” балетийн хөгжмийг өөрөө бичин бүжгийг нь бас дэглэн найруулсан. Монголд байтугай дэлхийд ийм тохиолдол байхгүй хэмээн театрын хамт олон түүгээр бахархаж сууна. Үнэндээ А.Батдэлгэрээр монгол үндэстэн бүгдээрээ бахархах ёстой. Бүтээлийнхээ санааг бодож олон, босгох мөнгийг нь ч бас хайж олон, бүтэн гурван жил ажилласны эцэст түүний шинэ бүтээл ийнхүү амилж байгаа билээ.
Монголын хөрсөн дор нуугдаж байгаа алт дэлхийн шуналыг хөдөлгөх болсоор удаж байна. Монгол, монгол, мөнгө, мөнгө хэмээн тэдний зүрх цохилох энэ цаг үе Монголоороо бахархах сэтгэлийн галыг залуусын тархинд асааж өгсөн сайн талтай. Этно хөгжмийн өнгө төрхийг хадгалсан, үндэстнийхээ онцлогийг гайхуулах ардын урлагийн хамтлагууд олноороо үүсэж, хөнгөн хөгжмийн ертөнцөд монгол поп урсгал шинэ түрлэг нэмэн мэндлэв. “Аида”-гаар дэлхийн тамгыг тайзан дээрээ тамгалсан ДБЭТ “Атилла”-гаар Монголын тамгыг дэлхийн тавцанд тамгаллаа. Хөрсөн доорх алтыг маань сонирхон цувах тэр гүүрний хажууд хөгжим урлагт маань байгаа алтыг үнэлэн ирэх өөр нэгэн гүүр бослоо.