Сүүлийн үед гадаа цас ихээр орж зам талбай халтиргаа ихтэй болж байна. Үүнээс үүдээд явган хүн халтирч унаж гар хөлөө бэртээх, автомашин халтирснаас үүдээд зам тээврийн осол хэрэг гарах ч нөхцөл бүрдээд байгаа юм. Төв аймгийн Зуунмод сумын хатуу хучилттай зургаан км замыг аймгийн авто тээврийн газар цэвэрлэх үүрэгтэй ажилладаг. Тэгвэл автотээврийн газар авто замын “Дашзам” компанитай гэрээ хийгээд төвийн хатуу хучилттай зургаан км замын цасыг цэвэрлүүлж байна. Жилдээ аймгаас зам засварын чиглэлээр 4.6 сая төгрөгний хөрөнгө тавигддаг бөгөөд үүнээс өвлийн улиралд 2.7 сая төгрөг, үуны улиралд 1.9 төгрөг хуваарилагддаг байна. Ер нь тус компанитай гэрээ хийгээд өвөл зуны зам засвар арчлалтын ажлыг хийж байгаа юм. Тус компани нь автозам барилга засвар арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн зун л гэхэд Зуунмод хотод 40 сая төгрөгний төсөвт өртөгтэй явган хүний зам засварын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
Энэ жилийн Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан байгаа. Жилийн хүрээнд ч гэсэн энэ компани нь орон нутгийн 13 хүнийг ажлын байраар хангаж байгаа төдийгүй аймгийнхаа замын цасыг цэвэрлэж халтиргаа гулгаанаас сэргийлж байгаа юм.
Г.Хишигсүрэн