FIFA-гийн “Goal” төслийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотноо сүндэрлэсэн Футзалын ордон анхны тэмцээнээ хүлээн авлаа. Энэ сарын 20-26-нд болсон Футзалын нээлттэй тэмцээнд нийт 21 багийн 250 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Ингэхдээ сонирхогчдын болон лигийн багууд тус тусдаа хэсэгт хуваагдаж, өрсөлдсөн байгаа.
Тэмцээний эхний өдрөөс эхлэн ганц ч ялагдал амсаагүй лигийн “Хоромхон” клуб хагас шигшээд сонирхогчдын “Монос Вестерн” багийг 9:4 харьцаатай хожсон. Харин нөгөө талд сонирхогчдын “Континенталь” баг лигийн “Хангарьд” багтай хүчтэй өрсөлдөж, 5:7 харьцаатай хожигджээ. Улмаар аваргын төлөө “Хангарьд” болон “Хоромхон” багууд тоглож, 8:4 харьцаатай “Хоромхон”-ы ялалтаар өндөрлөсөн байна. Ийнхүү Футзалын нээлттэй тэмцээний аваргаар “Хоромхон” тодорч, аваргын алтан медаль, нэг сая төгрөгийн шагнал хүртжээ. Харин хүрэл медалийг “Континенталь” баг хүртсэн. Тэд медалийн төлөөх тоглолтод “Монос Вестерн” багийг 16:5 харьцаатай буулган авчээ.
С.Цэлмэг