Эйнштейний тархийг музейд тавина

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Эйнштейний тархийг музейд тавина

Харьцангуйн онолыг зохиосон агуу физикч Альберт Эйнштейний тархийг
Америкийн Филадельфи хотын Томас Мюттерын нэрэмжит эмнэлгийн музейд
тавихаар болжээ. Энэ тухай Америкийн эрдэмтэд телевизийн ""CBS"" сувгаар
мэдээлсэн байна.

Музейд зочлогсод эрдэмтний тархины 46 зүсмэлийг үзэх боломжтой болсон бөгөөд тэдгээр нь хүний үсний хэмжээнээс ч нимгэн ажээ.

Эйнштейний тархийг судлах үед яг л залуу хүний тархитай адил байсан ба өтөлсөн гэх ямар ч шинж тэмдэг илрээгүй байна.

""Түүнд хөгшрөлтийн ямар ч шинж тэмдэг байгаагүй нь гайхалтай"" гэж
Филадельфи хотын Хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн эмч Люси Рорк-Эдамс
ярьжээ.

Эйнштейн 1955 онд 76 насандаа өөд болсон юм. Өвчний даамжралыг судлаач
Томас Харви гэгч агуу эрдэмтэнд задлан шинжилгээ хийх үеэр тархийг нь
гарган авч өөртөө үлдээжээ. Харин нас барсан эрдэмтний төрөл төрөгсдөд
нь үүнийг нь эрс эсэргүүцэн хэрүүл шуугиан дэгээдсэн байна. Харви
ажилгүй болсон ч Эйнштейний тархийг хадгалсаар байжээ. Тэрбээр агуу
эрдэмтний тархи энгийн хүнийхээс ялгаатай эсэхийг мэдэхийн тулд түүний
тархины зүсмэлийг АНУ-ын янз бүрийн эрдэмтэнд илгээсэн байна. Харин
эрдэмтний тархины хэсгүүдийг доктор Рорк-Эдамст нэгэн эрдэмтэн өгсөн аж.
Тэрбээр Эйнштейний тархины хэсгүүдийг Мюттерын нэрэмжит музейд өгөхөөр
шийджээ.

Хэдийгээр түүний тархины зүсмэлүүд музейд хадгалагдах боловч эрдэмтэд
судалгаагаа үргэлжлүүлж болох гэнэ. ""CBS"" сувгийн мэдээлснээр, музейн
үзмэрийг цаашдаа Альберт Эйнштейний тархины эд эсийн бичил дурангаар
авсан зургуудаар баяжуулах ажээ.

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж