Египетийг тэрслүү өвгөн тайвшруулна

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Египетийг тэрслүү өвгөн тайвшруулна

Египетийн үндэсний авралын Засгийн газ­рыг 78 настай, тэрслүү үзэлтэн-улстөрч Ка­маль аль-Ганзури толгойлж байна. Өмнө нь тэрээр Хосни Мубаракийн Засгийн газрыг толгойлж байгаад дараа нь гэрийн хорионд хоригдож байсан. Египетийн Цэргийн дээд зөвлөл тус орны ерөнхий сайд байсан Камаль аль-Ганзурид шинэ Засгийн газрыг толгойлох үүрэг өгчээ. Хос­ни Мубаракийн үед 1996-1999 онд ерөн­хий сайд байсан, 78 настай улстөр­чийг Ерөнхий сайдаар томилно гэд­гийг өнгөрсөн пүрэв гаригийн орой Еги­петийн Зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч дэслэгч-хурандаа Амр Имам мэдээлсэн юм. Түүнийг томилсныг зар­лахын өмнө Египетийн Цэргийн дээд зөвлөлийн тэргүүн фельдмаршал Мохаммед Тантауи, аль-Ганзуритай хэлэлцээр явуулжээ.

Арваннэгдүгээр сарын 28-ны пар­ла­ментын сонгуулийн дүнг албан ёсоор зарлах нэгдүгээр сарын 10 хүртэл Аль-Ганзури танхимын тэргүүнээр ажиллах юм. Үүний дараа шинэ парламент нь аль-Ганзурийг тэргүүнээр нь батлах буюу эсвэл өөр хүнийг томилох болно. Аль-Ганзури нь “ядуусын сайд” гэдгээр египетчүүдэд танил. Тэрээр олон түмэнд ядуусын эрх ашгийн төлөө явдаг хүн гэдгээр дурсагддаг. Түүнийг огцруулсны дараа Египетийн прокурорын газраас түүнд авлигын хэрэг тулган мөрдөж дөрвөн жил гэрийн хорионд байлгажээ. Гэхдээ түүнд албан ёсоор ял өгөөгүй юм. Сүүлийн жилүүдэд тэрээр Мубаракийн дэглэмээс зай барьж байсан бөгөөд хоёрдугаар сарын хувьсгалын дараа түүнийг ерөнхийлөгч болохоор хүн хэмээн үзэж иржээ.

Цэргийн дээд зөвлөл аль-Ганзури­тай уулзсаны дараа парламентын сон­гууль товлосон хугацаандаа явагдана гэж мэдэгдэв. Радикал сөрөг хүчин эсэргүүцэл дэгдээж, цагдаагийнхантай жагсагчдын гаргасан сөргөлдөөний улмаас наад зах нь 38 хүн амь үрэгдээд байгаа. Аль-Ганзурийг сонгосноор Каирын төв Тахрирын талбайг эзэлсэн хувьсгалт залуус, радикал сөрөг хүчний хүслээр явахгүй гэдгээ цэргийнхэн харуулав.

Египетийн хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөний ээлжит давалгаан гарч байгаагийн улмаас гуравдугаар сард байгуулагдсан Исам Шарафын  Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт огцорсон билээ. Хоёрдугаар сард олон нийтийн өргөн цар хүрээ­тэй эсэргүүцлээр ерөнхийлөгч Хос­ни  Мубаракийг огцруулж чадсан либе­ралууд ба хувьсгалч залуус ерөнхий сайдад 2005 оны Нобелийн энх тайвны шагналтан, Цөмийн эрчим хүчний олон ул­сын агентлагийн тэргүүн асан Мо­хаммед аль-Барадеиг санал болгосон юм.

Аль-Ганзурийг  томилсны дараа сөрөг хүчний зүүн жигүүр шинэ ерөнхий сайдыг өндөр настай мөн 1990-ээд оны сүүлчээр Засгийн газар нь амжилтгүй ажиллаж байсныг сөхөн шүүмжлэв. “Хувьсгалт нэгдэл” эвслийн төлөөлөгч Мусад Ибрагим CNN телевизид ярилцлага өгөхдөө “Засгийн газрынх нь бүх хөтөлбөр бүтэлгүй байсан” гэж шүүмжилжээ.

Цэргийнхэн шинэ Засгийн газар бай­гуулаад хувьсгалч нарын өмнө хү­лээх үүргээ биелүүлсэн гэж үзэв. Мөн өнгөрсөн пүрэв гаригт цэргийнхэн жаг­сагчдын амь үрэгдсэний төлөө уучлалт гуйв. Хошууч генерал Мохаммед аль-Ас­сар Армийн нэрийн өмнөөс гар­сан эмгэнэлт явдалд харамсч буй­гаа илэрхийлэв. Жагсаалын үеэр баривч­лагдсан, гурван америк оюутныг сул­лахаар Каирын шүүх шийдвэрлэсэн байна. Цэргийн зөвлөлийг тарааж, иргэний Засгийн газар байгуулах шаардлагыг  цэргийнхэн харицлагагүй зүйл гэж үзэж байгаа бөгөөд тэмх замбраагүй байдал үүснэ гэж сэтгүүлчдэд зөвлөлийн гишүүн Мамдух Шахин мэдэгдсэн байна. Зөвлөлийг тус орны улс төрийн нөлөө бүхий хүчин “Мусульман ахан дүүс” дэмжсэн байна. Энэ хөдөлгөөн парламентын сонгуулиар олонхийн санал авахаар тооцоолжээ. Тиймээс тэд байдлыг тогтворгүй байлгахын эсрэг байгаа юм.

Ш.Мягмар


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж