-Ирэх оны төсвийг хэт үрэлгэн болсон гэж шүүмжилцгээж байгаа. Энэ тухай яриагаа эхэлье?
-Төсөв дээр ганц нэг зарчмын саналыг хатуу баримталдаг болмоор байна. Энэ нь Сангийн яам, мэргэжлийн холбогдох газрууд төсвийн алдагдлыг энэ жил тэдэн хувьд барина шүү гэж урьдчилсан байдлаар хэлдэг байх тухай. Улмаар Засгийн газар тэр дагуу ирэх оны төсвөө боловсруулдаг байх ёстой. Харамсалтай нь, өнөөдрийн оруулж ирсэн төсөв хэтэрхий их “таргалалттай”. Түүнийг нь “тураах” гэж үйлээ үзэж байна. Хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч бэрхшээлтэй олон асуудал байгаа бололтой. Би 2-3 жилийн төсөв батлахад оролцож байгаа гишүүний хувьд хэлэхэд дахин ийм муу төсөв оруулж ирж болохгүй. Мөнгө орж ирэхийн хэрээр гарынхаа салаагаар урсгах нь зохимжгүй. Улсын төсөв гэдэг ёроолгүй сав биш. Хэмжээтэй, хязгаартай, цааш нь нөөцөлж, хуримтлуулдаг байх учиртай.
-Сонгуулийн жил болоод ийм болчих шиг болов уу?
-Сонгуулийн үеийн төсөв нь үнэн. Гэхдээ сонгууль бол улс орны хувь заяа биш. Улс орны эдийн засаг ямар байх, өгсөх, уруудах нь ирэх оны төсвөөс шалтгаална. Тиймээс бид сонгуулиа бодох бус улс орны хувь заяа, ирээдүйг бодож батлах учиртай. Манай намын бүлгийн гишүүд урсгал зардлыг танах хэрэгтэй, өөрөө хэлбэл, 2011 оны хэмжээнд хүртэл царцаах нь зүйтэй гэж үзсэн. Нөгөөтэйгүүр, контор барих зардлыг шууд танах. Түүнчлэн тав хүрэхгүй сая төгрөгөөр модон гүүр тавьчих газарт 10 гаруй сая төгрөг төсөвлөсөн байх жишээтэй. Төсвийг сайтар нягтлаад харвал үр ашиггүй зүйл их бий. Тэр бүхнийг нэг бүрчлэн хэлэлцэнэ гэвэл хугацаандаа амжихгүй.
-Нэг бүрчлэн хэлэлцэхгүй юм чинь гарын салаагаар урсч л таарах нь?
-Төсөв дээр яг суугаад ажиллахаар зовлон бэрхшээл их л дээ. Хөндлөнгөөс нь хараад юуг нь ингэж уддаг юм, үрэлгэн зардлыг нь шууд танаад хаячихгүй гэж хэлж болох ч бариад суувал нарийн зүйл их байна. Иймээс зайлшгүй хөрөнгө оруулалт хийгээд дуусах ажлуудыг бол дуусгахаас аргагүй. Харин нэмж контор барих асуудлыг төсөвт суулгах шаардлагагүй. Конторын тоо олшрохын хэрээр урсгал зардал нэмэгддэг.
-Ахмад настнуудад нэг сая төгрөг олгоно гэдгээс эхлээд л сонгуулийн амлалтаас болж мөнгөний нийлүүлэлт ирэх онд нэмэгдэх нь. Ингэхээр инфляцийн өсөлтийг яах болж байна?
-Монголбанкны сануулгыг сайтар анхаарах хэрэгтэй. Миний хувьд 55-аас дээш эмэгтэй, 60-аас дээш эрэгтэй тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдэгдэл нэг сая төгрөгийг бэлнээр өгөх асуудлыг бодууштай санагддаг. Бид эхлээд хэнд юу, өгөх вэ гэдгээ сайтар тооцоолж байж, дараагийн алхмаа хийх хэрэгтэй. Гишүүд тойргийнхонтойгоо уулзаж байхад дээрх насны хүмүүс бүгд үлдэгдэл нэг сая төгрөгөө бэлнээр авах сонирхолтой биш байдаг. Ингээд бодохоор зөвхөн зорилтот хэсэгт л бэлнээр нь олгох нь зүйтэй. Харин тэтгэврийн болон малчны зээлтэй иргэдийн өрөнд нь нэг сая төгрөгийг нэн тэргүүнд шилжүүлж болох юм. Энэ талаар Хүний хөгжлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан боловч Засгийн газраас бэлнээр олгоно гээд зарлачихсан. Сонгуулийн жил учраас амлалтаа биелүүлэхийг илүүд үзэж байгаа байх. Гэхдээ өнөөдөр улс орноо бодох уу, эсвэл улстөрөө юү. Сонгууль дөтөлсөн учраас хавтгайруулсан халамжийн бодлого дарамт учруулж буй нь энэ.
-Сонгуулийн тогтолцоог өөрчилж, шинэ хуулийг батлах боломж өдөр ирэх тусам л багасч байна. Юу болоод байна?
-Одоогоор төсөв гээд Сонгуулийн тухай хуулиа хэлэлцэж байгаа зүйл алга. Ний нуугүй хэлэхэд, Сонгуулийн тухай хууль батлагдаж амжихгүй бол илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, хуучин тогтолцоогоор ирэх оны сонгуулийг явуулах нь хэн, хэндээ ойлгомжтой. Учир нь Сонгуулийн хууль энгийн ойлгомжтой байх ёстой. Улмаар сонгуулийн үр дүн ойлгомжтой гарна. Ойлгомжгүй байдлаар сонгууль явуулбал тийм л үр дүн гарна. Сонгуулийн хууль гэдэг өөрөө улстөрийн зөвшилцөлд хүрч байж шийдэгддэг асуудал. Процедурын шинжтэй асуудал, тухайлбал хариуцлага яаж тооцох, саналын хуудсыг хэрхэн тоолох, хэсгийн хороог яаж байгуулах юм гэх мэтийг өмнөх 2008 оны сонгуулиас сургамж аваад нэлээд сайн ярилцаж, сайжруулсан шүү, харин. Сонгуулийн тухай хуулиас болж долдугаар сарын 1-ний үйл явдал болсон юм шиг буруу ойлголт нийгэмд байдаг. Иймээс л энэ хуулийг өөрчлөхгүй бол болохгүй гээд эрх баригчид нь улайрчихсан. Иргэд ч гэсэн хууль нь муу байсан учраас нь өөрчлөх гэж байна гээд ойлгочихсон. Гэтэл сонгуулийг хянадаг, тоолдог, хариуцлага тооцдог механизм нь муу байснаас биш сонгуулийн тогтолцооноос үймээн дэгдээгүй.
-Тэгээд яана гэж?
-Одоо хэлэлцэж байгаа тогтолцооны тоо чухал биш. Заавал 48:28 гэж зүтгээд байх ч шаардлагагүй. Харин процедурыг нь сайн болгох хэрэгтэй. Хянадаг, тоолдог, хариуцлагыг нь өндөржүүлэх. Тухайн хүнээр өөрийгөө төлөөлүүлээд сурчихсан ард түмэнд өнөөгийн яриад байгаа тогтолцоо ойлгомжгүй. Тэгэхээр сонгуулийн хуулиа ойлгомжтой батлах учиртай. Ойлгомжгүй л байвал ойлгомжгүй юм болно.
-Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэн өгөх талаар хуульд нэмэлт заалт оруулахаар ярилцаж байна. Энэ хэр оновчтой санал вэ?
-Төрийн албан хаагч гэлтгүй сайд нар хүртэл зургаан сарын өмнө ажлаа өгөх хэрэгтэй. Сонгууль дөхсөн 3-4 сард яамд огт ажил хийдэггүй. Сайд нь нэр дэвшихээ бодоод төрийн ажлыг хойш тавьдаг. Үр дүнд нь иргэд хохирдог. Төрийн албан хаагчид нь дуртай, дургүй бүгд сонгуулийн сурталчилгаанд дайчлагдана. Иймээс сонгуульд өрсөлдөж, хууль тогтоох дээд байгууллагад орно л гэж байгаа бол сонголтоо эртхэн хийж, эрсдэлээ үүрээд ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй. Улмаар нэр дэвшигчид нэг гараанаас гарах нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Тэгэхгүй бол яамны сайд төрийн мөнгөөр сурталчилгаагаа хийж, төрийн албан хаагчдыг ажилдаа дайчилж, эрх мэдлээрээ сонгогчдыг өөртөө татаж байдаг. Нүүрэн дээрээ дайчлаагүй мэт боловч цаагуураа яам тэр чигээрээ сайдын сурталчилгаанд дайчлагдаж байдаг нь нууц биш. Гэтэл хөөрхий жирийн нэр дэвшигч хичнээн улс орон, ард түмнийхээ төлөө гээд гүйсэн ч сайдтай нэг эгнээнд зогсч чаддаггүй. Гарааны нөхцөл тэс өөр байх жишээтэй. Иймээс нэгдүгээрт, нэр дэвшигчдийг ижил гараанаас гаргах, хоёрдугаарт, төрийн албыг хохиролгүй болгох үүднээс төрийн албан хаагчид төдийгүй улс төрийн өндөр албан тушаалтнууд ч зургаан сарын өмнө ажлаа өгөх хэрэгтэй.
-Сонгуулийн өмнө хамтарсан засаг, Ардчилсан намын удирдлагын суудал ганхаж байна гэсэн болгоомжлол сэдэрч, одоо юу болох бол гэж иргэд харж байх шиг байна?
-Х.Баттулга сайдын хэвлэлд өгсөн ярилцлагаас ийм хардлага нийгэмд бий болсон. Гэхдээ тэр нь сүйдтэй зүйл биш. Гагцхүү сонгууль ойртсон учраас улс төр яваад байгаа юм. Х.Баттулга сайдын яриаг шүүрч аваад Ардчилсан нам хагаралдлаа гэх чулууг хөндлөнгөөс шидэх нь улс төрийн хүрээнд байх л зүйл.
-ҮЗХ-ноос юм хүлээж байгаа хүмүүс олон болсон юм биш үү?
-Энэ талаар ҮЗХ-ийн гишүүн хэвлэлд яриа өгч ил ярьсан зүйл бий гэж үү. Ганц нэг нь иймэрхүү зүйл ярьсны төлөө АН-ын байр суурь гэж ойлгох нь учир дутагдалтай. ҮЗХ дээр их зүйл ярих байх. Байнга л ярьдаг юм чинь. Даргаа солих асуудлыг ганц, хоёр хүн гаргахыг ч үгүйсгэхгүй. Энэ бол хэвийн л үзэгдэл. Үүнд сүртэй юм огт байхгүй.
-Х.Баттулга гишүүний ярилцлагын тухай ярьсных Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах хандлага ихсэж байх шиг байна?
-Хөгжлийн банк үнэхээр тун муу ажиллаж байна. Уг нь УИХ-аас эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн биз дээ. Хамгийн гол нь тэд өөрсдөө хийж чадахгүй байна. Би хувьдаа сая томилогдсон удирдлагад бурууг өгч байна. Уг нь Засгийн газраас шууд гэрээгээр Хөгжлийн банкнаас санхүүжилт хийлгэхээр төсөл хөтөлбөрүүд гаргаснаас нэг ч хийгдээгүй байна шүү дээ. Одоо бүр Хөгжлийн банкны өмнөөс Засгийн газар бондыг нь борлуулах гээд явна гэж юу гэсэн үг юм. Хэрэв энэ хэвээр байвал цаашид Хөгжлийн банк байхын хэрэг ч байгаа юм уу, мэдэхгүй байна. Миний авсан мэдээгээр бол Хөгжлийн банк нь арилжааны банкны болзлыг тавьдаг гэнэ. Арилжааны банк тэртэй тэргүй ашгийн төлөө байгууллага. Харин энэ банкийг өөр зорилгоор байгуулсан.
-Шийдээгүй асуудал ч цааш нь их л байна. Тавантолгойн хувьцааны 10 хувийг иргэдэд нэмж тараах уу, аж ахуйн нэгжүүдэд худалдах уу гээд л?
-УИХ-аас баталсан 39 дүгээр тогтоолд Тавантолгойн орд газрын хувьцааны 10 хувийг иргэдэд, мөн адил хэмжээтэйг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь өгье гээд шийдчихсэн. Гэтэл саяхнаас аж ахуйн нэгжид өгөх хувь хэмжээг нь иргэдэд өгөх нь зүйтэй гэсэн хуулийн төсөл өргөн баригдаж хэлэлцүүлэгт орох боллоо. Одоогоор яг тэгнэ гэж шийдээгүй л байгаа. Парламент иргэдэд гэх нь үү, аж ахуйн нэгж гэж гар өргөх нь үү гэдгийг хэлж мэдэхгүй юм.
-Таны бодлоор?
-Гишүүн хүнийхээ хувьд хуулийн төслийн эсрэг байр суурьтай л яваа. Яагаад гэвэл, ямар ч компанийн хувьцаа үнэгүйдэх болох тусмаа л дампуурал руу ойртож, үнэ цэнэ нь багасдаг. Энэ бол олон улсын практикт ч бий. Ер нь, иргэдэд олгох 10 хувийг нэмж 20 болгоё гэхээсээ илүү аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр өгөхөөр баталж, тогтсон хувьцааг хэрхэн өндөр үнэтэй болгох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ингэхээр юуны түрүүнд Тавантолгойн орд газраа маш хурдан эдийн засгийн эргэлтэд оруулж, хөл дээр нь босгох чухал. Ордоо босгохын тулд аж ахуйн нэгжид 10 хувийг нь нэрлэсэн ханшаар худалдах ёстой. Эрдэмтэд хувьцааны үнийн дүнг дунджаас арай доогуур байхаар тооцоо хийсэн байна билээ. Тэдний хийсэн судалгаа тооцоогоор дээрх хувьтай тэнцэх хувьцааг арилжихад 70-100 орчим тэрбум төгрөг босгохоор байгаа юм. Ийм хэмжээний хөрөнгө нь тус ордод асар их гэсэн үг. Ерөнхийдөө хөл дээрээ босчих байх. Ингэвэл үнэ цэнэгүй 20 хувь тарааснаас ч илүү ач тустай. Эргээд орж ирэх хөрөнгө мөнгөний хэмжээ ч нэмэгдэн, иргэдийн хүртэх хувь ч ахиу болно. Тэр ад үзээд байгаа компаниудын ард ч иргэд л байгаа. Иймд зайлшгүй нэрлэсэн ханшаар нь худалдаж хөрөнгө босгох хэрэгтэй.
-Аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр хувьцааг өгснөөр зөвхөн 2700 орчим л компанийн захирлуудад давуу эрх олгоно гэдэгтэй санал нийлэхгүй байх нь ээ?
-Ямар нэгэн асуудлыг аль ч өнцгөөс тайлбарлаж, харлуулж, цайруулж болно. Миний хувьд тийм зүйл гарна гэж бодохгүй л байна. Монголчууд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 20 жилийн нүүр үзэж, бизнесийн хөгжилтэй хөл нийлэн, зохицож амьдраад сурчихлаа. Гэтэл сүүлийн үед баян хоосны ялгааг арилгана, тэнцвэржүүлнэ гэж ярих болж. Би үүнийг сайн ойлгохгүй, гайхаж л сууна. Ийм зүйл ярьж байгаад буцаад социализм руугаа орох гээд байна уу гэж бодогдох юм. Магадгүй бизнес эрхэлдэг хүмүүс жигтэйхэн хөрөнгөжөөд бусад нь хоосорчих юм шиг бодож, яриад байх шиг. Уг нь, хөрөнгөтнүүдээ төр бодлогоор зөв жолоодоод явбал улс орны эдийн засагт хэрэгтэй. Тэд хууль бусаар баяжих гээгүй шүү дээ. Шударгаар хувьцаа эзэмшин, хөрөнгө мөнгө бий болгох л асуудал.