
Өдөр дамнан хуралдахаар болсныг мэдсэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч мэндчилгээ бэлтгээд амжсан аж. Тэрээр он солигдох мөчид Ерөнхийлөгчөөс мэндчилгээ хүргэдгийн адилаар 24.00 цаг болоход чуулганы индэр дээрээс УИХ-ын гишүүдэд болон ард түмэндээ хандан Улс тунхагласны 87 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд авав. “Улс орны эдийн засгийн хөгжлийн суурь үндэс болох Мянганы зам, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Мянганы хөгжлийн зорилт, түүнд суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Оюу болон Таван толгойн ордыг ашиглах, шинэ бүтээн байгуулалт, “Монгол мал” зэрэг төрийн бодлогын баримт бичгүүд батлагдан гарч амьдралд хэрэгжиж байна” гээд л урсгаж байхад нь гишүүд “Манай дарга ч боломжоо ашиглаж байна шүү” гэж баясацгаав. Ерөнхийдөө ядралтын байдалтай танхимыг багахан сэргээхээ ч Д.Дэмбэрэл дарга мэддэг бололтой мэндчилгээнийхээ төгсгөлд “За, өөр үг хэлэх хүн байна уу. Гэхдээ баярын мэндчилгээ биш шүү. Хэлэлцэж байгаа хуулийн төслийн талаар” гэж хошигноод хурлаа үргэлжлүүллээ. Ийнхүү зүүд нойрны цагаараа ирэх оны төсвөө хэлэлцэж дуусахад цаг 02.30-ийг зааж байлаа.
