Шүүгчийн буруу шийдвэр олон хүний эрхийг боомилсоор

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Шүүгчийн буруу шийдвэр олон хүний эрхийг боомилсоор

Гаалийн ерөнхий газрын дарга асан Г.Мөнхбатын үл хөдлөх хөрөнгийг Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчид хуурамч тушаал үндэслэн төрсөн дүүгийнх нь  эзэмшилд  шилжүүлсэн тухай дуулиан сүүлийн үед олны анхаарлыг татах болов.

Ер нь шүүх байгууллагын алдаатай шийдвэрүүдээс болж хохирсон жирийн иргэдийн талаарх мэдээлэл шил шилээ даран хөвөрсөөр байгаа нь нууц  биш юм.  Баримт түшье.  Одоогоос хэдэн жилийн өмнө олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд үүд хаалгаа нээсэн “Туушин” компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан дэгджээ.  Энэхүү маргааныг шүүх байгууллага шийдвэрлэхдээ илт нэг талыг барьсан хууль зөрчсөн алдаатай шийдвэр гаргасан байх юм.

"Туушин" компанийн гүйцэтгэх захирал Н.Зоригт нь бусад компанийнхаа гишүүдийн хувьцааг худалдан авахдаа компанийн тухай хуулийн 5.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Н.Зоригт 2004-2007 онд компанийнхаа гишүүдээс хувьцаа худалдаж авахдаа бусад хувьцаа эзэмшигчдээ мэдэгдээгүй тухай хувьцаа эзэмшигчдээс нь гомдол гаргасан боловч гурван шатны шүүхээс нэхэмлжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.  Энэ шүүхийн шийдвэрээс харахад зөвхөн энэ компани дээр ч биш бусад монголд үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй ХХК-ний жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн илт хууль буруу хэрэглэсэн шийдвэрийг шүүгч гаргасан нь дээрх баримтаас харагдаж байна. Энгийн үгээр  хэлбэл ХХК-ийн  үндсэн зарчим болох аль нэг хувьцаа эзэмшигч нь бусдадаа мэдэгдэлгүй хувьцаа худалдан авч болно гэсэн жишгийг тогтоож өгсөн нь олон мянган хүний эрхийг зөрчсөн, үйл ажиллагаа явуулах эрхийг нь боомилсон шийдвэр болсон аж. Түүнчлэн энэхүү компанитай холбоотой бас нэгэн маргааныг хоёр шатны шүүхээс хэрхэн шийдвэрлэснийг харья.

Компанийн тухай хууль зөрчсөн шийдвэрийг шүүх гаргажээ

"Туушин" ХХК-ийн  хувьцаа эзэмшигч А шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр  нэхэмжлэлээс харахад тус компанийн  2007 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн ээлжит хувь нийлүүлэгчдийн хурлаар компанийн хувьцаа эзэмшигч нар болох Н.Зоригт тэргүүтэй дөрвөн хүн төлөөлөн удирдах гишүүүдээр сонгогдсон юм байна. Түүний дараа тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүний нэг нь өвчний улмаас 2007 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр таалал төгссөн аж. Тиймээс  уг компанийн ТУЗ-ийн нэг гишүүн хасагдсан тул хууль ёсоороо бол өнгөрөгч 2008 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсан хувь нийлүүлэгчдийн хурлаар шинээр ТУЗ нэг гишүүнийг сонгох учиртай байж. Гэтэл энэхүү сонгуулийг орхигдуулснаар барахгүй 2010 оны хурлаа ч хийгээгүй  компанийн тухай хуулиа зөрчсөн тул хувь нийлүүлэгч А нь Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл уг компанийн гүйцэтгэх захирал  Н.Зоригт  удирдах зөвлөлийн  хурлаа компанийн тухай хуульд заасны  дагуу хийгээгүй учраас ТУЗ-ийн бүх гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон  аж. Тиймээс  тус компанийн  ТУЗ-ийн гишүүдийн  2008 оноос хойш гаргасан   бүх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр бус шийдвэр байх учиртай юм. Баримт татвал нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан үндэслэлээс харвал  "Туушин" компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсныг компанийн тухай хуулийн  77-р зүйлийн  нэг дэхь заалтаас харж болох нь.  Тодруулбал "Туушин" компанийн ТУЗ- ийн бүрэн эрхийн хугацаа нь 2008 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрөөр дуусгавар болсон атал  өнөөдрийг хүртэл Н.Зоригт нар хууль бусаар компанийг төлөөлөн шийдвэр гаргаж, сонирхлын зөрчил бүхий  олон гэрээ хэлцэл хийсээр байгаа тухай дурджээ. Энэхүү "Туушин" компанийн ТУЗ бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон маргааныг хоёр шатны шүүхээс шийдвэрлэхдээ мөн  илтэд нэг  талд үйлчилж, хуулийг мушгин гуйвуулсан шийдвэр гаргажээ. Тухайлбал “Туушин” компанийн ТУЗ-ын бүрэн эрхийн хугацаа компанийн тухай хуулиар 2008 оны дөрөвдүгээр сарын 11 өдрөөр дуусгавар болсныг тогтоолгохыг хүсэхэд мөн л хэрэгсэхгүй болгожээ.

“Туушин” компанийн гүйцэтгэх захирал Н.Зоригт 2004-2007 оны хооронд “Компанийн тухай” хуулийн 5.3, 5.4-д заасан журмыг  зөрчин тус компанийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдэд  бичгээр урьдчилан мэдэгдэхүйгээр хууль бусаар хувьцаа худалдан авч тус компанийн хяналтын багцын хувьцаа буюу 34,4 хувийн хувьцаа эзэмшдэг болсон талаар дээр дурьдсан.   Энэ нь компанийн тухай хуулийн 58.1-д заасан саналыг /бусад хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааг худалдаж авах санал/хуульд заасан хугацаанд гаргаагүй учраас түүний эзэмшиж буй хувьцаа тус хуулийн 58.2-т заасны дагуу 2008 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн саналын эрх эдлэхгүй болсон байна. Гэвч тэрбээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хуралд оролцохдоо санал өгч хууль зөрчсөөр иржээ. Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар  хувьцаа эзэмшигч А  хоёр шатны шүүхэд хандсан ч  мөн л нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Энэхүү хоёр шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хянах юм байна.

Бусдын өмчийг булааж болно гэв

Шүүгч хэн нэгнээс хараат шийдвэр гаргах учиргүй. Гэтэл  илт ашиг сонирхолдоо хөтлөгдөн  шийдвэр гаргасан гэж  хардахаас өөр аргагүй байдалд хүргэсэн  нэгэн шүүгчийн шийдвэрийг иш татья. Мөн л дээрх "Туушин" компанитай холбоотой маргаан юм. Жижиг хувьцаа эзэшигч А нар  компанийнхаа талаарх санхүүгийн мэдээллийг  нууцалдаг хууль з өрчсөн үйлдлүүдийг эсэргүүцэж эхэлсэн тул компанийн гүйцэтгэх захирал  Н.Зоригт болон түүний тойрон хүрээлэгч нар  хувьцаа эзэмшигч А-г  компаниасаа хөөсөн байна. Тодруулбал  түүнд ногдох хөрөнгийг 2010 оны 12 сарын 31-ний өдрийн балансаар тасалбар болгон олгож компанийн хувь нийлүүлэгчээс хасах шийдвэрийг “Туушин” компанийн гүйцэтгэх захирал Н.Зоригт бусад хувь нийлүүлэгчдээр гаргуулж чаджээ.

Энэ нь огт ор үндэсгүй зүйл бөгөөд A нь Н.Зоригтын хууль бусаар хувьцаа худалдан авч, санаатайгаар компанийхаа санхүүгийн мэдээллийг нуун далдалж буй байдлыг хувь эзэмшигчдэд ил болгохыг хүссэнээс болж тус компаниас хөөгдөж шүүхэд хандсан байна. Энэхүү гомдлыг нь Сүхбаатар  дүүргийн иргэний шүүх хуралдааны ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ тэргүүтэй шүүгчид хэлэлцээд Н.Зоригт нар нь хувьцаа эзэмшигч А-ынхаа хувьцааг дээрэмдэн, хөөж болох юм гэсэн шийдвэрийг гаргасан байгаа юм. Энэхүү шийдвэрийг нь давах болон хяналтын шатны шүүхээс хэрэгсэхгүй болгожээ.

С.Төмөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж