Уул уурхайн салбарын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй өсөлт, хөгжилтэй уялдуулж, металлургийн салбарыг хөгжүүлэхээр Засгийн газраас томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шийдвэрлэсэн. Хүнд аж үйлдвэрийн парк барих, төмөр зам, цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудлыг шийдвэрлэх, Улаанбаатарыг утаатай тэмцэж, гэр хорооллыг орон сууцжуулах ”Шинэ бүтээн байгуулалт” дунд зорилтот хугацааны томоохон хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд арилжааны банкуудын актив хаана ч хүрэхгүй гэдэг үүднээс Хөгжлийн банкийг байгуулахаар Засгийн газар тогтоол гаргаж, дүрмийн санг нь өнгөрсөн онд баталсан. Тус банкны дүрмийн санг 16 тэрбумаар тогтоож, цаашдаа жил бүрэн өсөн нэмэгдүүлэн 100 тэрбумд хүргэх зорилтыг Засгийн газраас тавьсан. Мөн Засгийн газрын дээрхи тогтоолын дагуу “Монгол Улсын Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх удирдлагыг гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Төрийн өмчийн хороонд даалгасны дагуу олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн онд зарлаж, энэ оны гуравдугаар сард хамтрагчаа тодруулсан. Үүний дагуу Монгол Улсын Хөгжлийн банк БНСУ-ын Хөгжлийн банк хооронд Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх “Удирдлагын гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2011 оны наймдугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд болсон юм. Гэрээний дагуу хамтарсан удирдлагын баг нь Монгол Улсын Хөгжлийн банкийг дөрвөн жил удирдаж, үндэсний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч гол санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын үндэс суурийг бий болгож, тус банкийг цаашид авч явах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх юм. Чухамхүү яагаад Өмнөд Солонгосын Хөгжлийн банкийг сонгосон шалтгаанаа Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар тухайн үед “БНСУ-ын Хөгжлийн банк нь дайнд сүйдэж дэлхийн хамгийн ядуу буурай оронд тооцогдож байсан Солонгос улсыг хагас зуун жил хүрэхгүй хугацаанд дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орнуудын хэмжээнд хүргэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн” гэж тайлбарлаж байсан билээ. Түүнчлэн тус банкны ТУЗ-ын даргаар анх Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун ажиллаж байсан боловч үл мэдэгдэх шалтгаанаар түүний албыг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалд өгсөн билээ.
Анх байгуулагдахдаа төмөр зам, тавдугаар цахилгаан станц, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Эрдэнэт, Цагаансуваргын зэс хайлуулах үйлдвэр, Тавантолгойн коксжих ордод тулгуурласан нүүрс боловруулах үйлдвэрийг санхүүжлүүлэх даалгавар авсан Хөгжлийн банк өнөөдрийн байдлаар нэг ч төсөлд хөрөнгө оруулаагүй байгаа. Үүнийг албаны хүмүүс Хөгжлийн банк “нас залуу”, туршлага бага гэсэн үгээр хайцаалдаг. Тус банк өнгөрсөн хугацаанд олон улсын хэд хэдэн байгуулагатай зээл авах талаар яриа хэлэлцээр байгуулсан байна. Тус банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргалын ярьснаар эрсдэл, зээлийн хүү, зэргээ тооцож үзсэний эцэст “ING” олон улсын санхүүгийн байгууллагаас зээл авах гэрээ байгуулсан байна. Энэхүү зээлийн эхний 20 сая ам.доллар нь энэ долоо хоногт Хөгжлийн банкинд орж ирэх бөгөөд зээл төлөх хугацаа нь нэг жил. Зээлийн хүүгээ Италийн Засгийн газартай ижилхэн хэмжээний хүүтэй зээл авсан гэдэг үгээр тайлбарлаж буй. Тус банкны ТУЗ-ын дарга нэгэнтээ “Бидэнд 12 хувийн, 15 хувийн хүүтэй зээл өнөөдрийн дотор гаргаад өгье гэсэн олон улсын байгууллага олон байсан. Манай Хөгжлийн банкны ард Монгол Улсын Засгийн газар батлан даагчаар зогсч байгаа болохоор бид зээл авахдаа маш болгоомжтой хандсан” гэдгээ ярьж байсан юм. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк хамгийн түрүүнд төмөр замын салбарт хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүнийгээ ч доорх гурван шалтгаанаар тайлбарлаж байна лээ. Нэгд, бид олборлосон нүүрсээ экспортод гаргахдаа авто замаар зөөгөөд байж чадах уу. Ирэх жилээс Тавантолгойн ордоос ихээхэн хэмжээний нүүрс экспортод гаргахаар төлөвлөж байгаа энэ үед төмөр замын салбартаа хөрөнгө оруулалт хийхгүй бол олборлосон нүүрс үнэгүйдэх аюултай гэдэг тайлбарыг хийж байсан. Хамгийн гол нь энэхүү зээл бизнесийнх биш хөгжлийн зээл гэдгийг ойлгох хэрэгтэй гэнэ лээ. Хамгийн түрүүнд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барилаа гэхэд тэр үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахилгаан, дулаан, эрчим хүчгүйгээр үйлдвэрлэл эрхлэх боломжгүй гэдгийг ч дуулгасан. Тиймээс Хөгжлийн банк төмөр замын салбарт санхүүжилт хийхтэй уялдуулж цахилгаан станц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхээр дараагийнхаа төлөвлөгөөг гаргаад байгаа юм билээ.
Монгол Улсын Хөгжлийн банк нийтдээ 26 томоохон төслийг хэрэгжүүлэхээр амлалт авсан. Төмөр замын салбарт гэхэд нийтдээ таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барихад 8,2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх шаардлагатай байгаа гэнэ. Мөн Тавантолгой, Оюутолгойн ордыг цахилгаан, эрчим хүчээр хангах эрчим хүчний эх үүсвэр барихад 3,2 тэрбум ам.доллар, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 18,2 их наяд төгрөг гээд тоочвол Хөгжлийн банкид маш их мөнгө хэрэгтэй байгаа гэнэ лээ. Цаашдаа Японоос 57 сая ам.доллар, Дэлхийн банкнаас 25 сая ам.доллар, Германы Сэргээн босголтын банкнаас гээд олон улсын банк санхүүгийн байгууллагаас нийтдээ 100 орчим сая ам.доллар авахаар ярилцаж байгаа гэсэн.
"Ардын эрх" сонин
Ж.НЯМСҮРЭН