Хил манасан Ш.Сайхансамбуу зам манана

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

Хил манасан Ш.Сайхансамбуу зам манана

Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар Замын цагдаагийн газрынхан уг төслийг үндсэндээ сүүлийн гурван жилийн хугацаанд боловсруулжээ. Төсөлд торгуулийн системийг нэлээд өндөр тусгахаар болж буй аж. Торгуулийн хэмжээг өндөр болгосноор авто машин жолоодож яваа хүмүүсийн хувьд сахилга бат дээшилнэ гэж үзэж байгаа юм байна. Өнөөдөр авто машин жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгүүлж 1000-10000 төгрөгөөр торгуулдаг аж. Ийм торгууль ялангуяа дүрэм биелүүлдэггүй сахилгагүй жолооч нарын хувьд арга хэмжээ болдоггүй. Дүрэм зөрчигчдийн хувьд нийт жолооч нарын 30 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу MN-25 дугаар суваг телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо дээрх торгуулийг 100 мянган төгрөгт хүргэх хэрэгтэй гэсэн санаачилга гаргалаа. Мөн тэрбээр “Хил манаж үзсэн хойно зам манаж яагаад болохгүй гэж. Нэг өдөр Замын цагдаагийн дэргэд хамт зогсч, ажиллана” гэлээ. Түүний хувьд нэг өдрийн ажлаа зам сахиж өнгөрөөх гэж буй нь Авто тээврийн хуульд өөрчлөлт оруулахад юу юун дээр анхаарах шаардлагатай вэ гэдгийг мэдэж, авахын тулд гаргасан санаачилга. Харин өвлийн ид хүйтэн тачигнах цагаар УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд хань болж зогсох УИХ-ын гишүүн хэд байх бол оо. Замын цагдаагийн газрын даргын хэлснээр бол замын цагдаагийнхан хүнд нөхцөлд ажилладаг гэнэ. Жолооч нар “ерөөнө”, дэргэдүүр нь өнгөрсөн хөгшид бас тачигнана. За ер нь амтай бүхэн л муу үгээр давшилдаг юм байх. Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг зам дээр зохицуулагч хийгээд зогсвол хэдэн хүн хашраах бол?

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж