Багийн Засаг дарга нар сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

Багийн Засаг дарга нар сургалтад хамрагдаж байна

Монголын баг сумдын үндэсний холбооноос санаачлан багийн Засаг дарга нарт зориулсан “Цахим хэрэглээ” сургалтыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Их тэнгэр цогцолборт зохион байгуулж буй энэ удаагийн сургалтад Өвөрхангай аймгийн 106 багийн Засаг дарга нар оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар  нэг  багийн Засаг дарга сар бүр 100 гаруй мэдээ тайлан гаргаж статистикийн хороонд мэдээлдэг. Гэтэл тэдэнд компьютер бичгийн хэрэгсэл гэх мэт наад захын техник тоног төхөөрөмж байдаггүйгээс бүгдийг гараар бичиж гүйцэтгэдэг гэнэ. Ингэж бичиг цаастайгаа ноцолддогоос багийн дарга тэр бүр иргэддээ хүрч төрийн үйлчилгээг хүргэхэд цаг зав тааруухан болдог аж. Тиймээс мэдээллийн  технологийн эрин зуун болсон 21-р зууны багийн Засаг дарга цахим хэрэглээг эзэмшсэн байх учиртай гэж үзэн, Монголын баг сумдын үндэсний холбоо, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Зоригт нар хамтран  “Цахим хэрэглээ” сургалтыг зохион байгуулж буй ажээ.  Цаашдаа бусад аймгуудын Засаг даргын тамгын газраас санаачлага гаргавал дээрх сургалтыг зохион байгуулах боломжтой гэнэ. Өнөөдөр Монгол Улсад 1655 баг, 159 хороо, 329 сум, 9 дүүрэг байгаа хэдий ч багийн хөгжил аймаг сум хороодоос хоцрогджээ. Энэ нь газар нутгийн байршил, төв суурингаас алслагдсан гээд олон шалтгаан байдаг ч мэдээллийн эрин зуунд хот хөдөөгүй ижил түвшинд хөгжих боломжоо ашиглах хэрэгтэй юм байна. Багийн хөгжлийн асуудал орхигдсоноос хөдөөгийн иргэдийн амьдрал төдийлөн сайн биш.  Тиймээс Монголын баг сумдын үндэсний холбоо байгуулагдан, баг сумыг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй ажиллаж буй ажээ. Сургалтад хамрагдагсдад “Цахим хэрэглээ, түүний ач холбогдол” сэдвээр Монголын шинэ тосгон хөдөлгөөний мэдээлэл, сургалт хариуцсан менежер Х.Нарантунгалаг,  “Цахим албан бичгийн тухай” Үндэсний төв архивын ерөнхий газрын мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ч.Оюунчимэг, “Статистикийн мэдээ, судалгаа гаргах тухай” сэдвээр Үндэсний статистикийн хорооны мэдээлэл боловсруулалт, технологийн газрын дарга Б.Цэрэнханд нар хичээл зааж буй юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж