
Тэгвэл өнгөрсөн хугацаанд Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх төслийг УИХ-д өргөн мэдүүлж тэр бүгдэд багш, эмч нарын цалин жилээс жилд өсч ирсэн ч оюутан, сурагчдын сурлага, эмнэлгүүдийн үйлчилгээнд ахиц гарсангүй. Зүй тогтлоороо хувийн хэвшлийн салбарт цалингийн өсөлт бүтээмжийн өсөлтийг дагадаг бол төрийн албанынхны цалингийн өсөлт ажлын чанартай уялдах ёстой. Гэвч иргэд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд жил бүрийн намар багшид нь хахууль өгдөг бол дунд сургуулийн багш нар сурагчдаасаа тогтмол “татвар” авсаар ирэв. Ичихгүй “Бид өдөр бүр хүний хүүхэдтэй ноцолддог байж хамгийн бага цалин авдаг” гэж гомдоллоно. Тийм л сүрхий хүний хүүхэдтэй өдөр бүр ноцолддог юм бол сэтгэл гаргаад хэд нь хүнд бэрх амьдрал туулж яваа сурагчдынхаа ар гэрийн амьдралтай танилцсан юм бэ. Ар гэрт нь очиж эцэг, эхтэй нь уулзах зайлшгүй шалтгаан байсан ч автобусны мөнгөндөө голоо цохиод очихгүй. Тэгсэн хэрнээ “Тэдэн сарын тэдэнд багшийнх нь төрсөн өдөр” гэж байгаад сурагч нараараа наад зах нь гар утас авахуулж дөнгөнө. Нэг, гурав, тав, ес, арваннэгдүгээр анги төгсгөх бүрийд багш нар гэртээ хөргөгч, телевизор, хивс зэргийг сурагч нараараа авахуулж амьжиргаагаа тэтгүүлнэ. Зун нь 48 хоног амарна, амралтын мөнгө гээд сая гаруй төгрөг төсвөөс “тоншино”. Цалингийнхаа хажуугаар улирал тутамд урамшуулал авна. Гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авна. Сая саяар нь авна, сэтгэл ханана гэж үгүй. Хувийн хэвшлийнхэнд бол 48 сарын амралт байтугай, хөдөө хөхөрч гадаа гандаж явсан ч гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олдохгүй. Улирал тутамд олгодог урамшууллын тухайд бүр ч сураггүй. Гэвч тэд төрийн албан хаагчид, тэтгэврийнхнийг цалинтай, улс оронд авто зам барьж, барилга барих хөрөнгөтэй болгохын тулд цаг наргүй ажиллаж, татвар төлнө. Хувийн хэвшилд ажиллагсдын төлөө төрөөс өнөөдрийг хүртэл юу хийсэн юм бэ. Өндөр хүүтэй банкны зээлээр боомилж, бодит эдийн засгийг гацааж ирснээс биш татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн нь үгүй. Байсхийгээд төрийн нэр барьсан хянан шалгагч нар ирж ажил үймүүлнэ. Бас цалин, тэтгэвэр нэмж, лай дагуулна. Тиймээс багш нар аа “Цалин нэм” гэж төр, засгийг шантаажлахаасаа өмнө ажлаа сайжруулчихаад дараа нь шаардлагаа тавь. Хэнийг өнөөдөр ирэх сонгуулийн чимээнээр Хөх хот, Бээжингээр аялуулж зугаацуулж байгаа билээ. Багш нар та нарыг л эрхлүүлж байна шүү дээ.