Тахрирын талбайн “Eye Hunter”-ыг эрж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

Тахрирын талбайн “Eye Hunter”-ыг эрж байна

Египетийн Ерөнхий прокурор хэд хэдэн жагсагчдын нүд рүү буудсан хэрэгт сэжиглэгдсэн цагдаагийн нэгэн ажилтныг мөрдөн байцааж байна. Каир хотын төв талбайд жагсагчид болон цэргийнхний хооронд болсон сөргөлдөөний үеэр таван жагсагчийн нүд рүү буудсан хэрэг гарсан юм. Дэслэгч цолтой Махмуд Эл Шинави гэгчийн эсрэг нотлох баримт видео бичлэг хүртэл байгаа бөгөөд “Facebook”-ээр хүртэл цацсан ажээ. Өнгөрсөн долоо хоногт болсон сөргөлдөөний улмаас 41 хүн амиа алдсан. Тэдний 33 нь Каир хотын төв талбайд буудуулжээ. Гэмтэж шархадсан хүний тоо 3250 болсон гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна.  Таван хүний нүдийг сохолсон хэрэгт сэжиглэгдэж буй цагдаагийн ажилтныг жагсагчид "The Eye Hunter" хэмээн нэрлэж, нүүр царайг нь дүрсэлсэн зургийг нэртэй нь хамт Тахрирын талбайн эргэн тойронд наасан гэнэ. Жагсагчид уг этгээдийн талаар мэдээлэл өгсөн хүнд 5000 египет фунтын шагнал амлаж байгаа гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн дэглэмийг унагасан хувьсгалын үеэр нэг нүд нь сохорсон хохирогчдын нэг Ахмед Харрара гэгч өчигдрийн сөргөлдөөний үеэр нөгөө нүдээ “алджээ”.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж