Хар тивийн хүчирхэг багуудын нэг Того улсын хөлбөмбөгийн багийн тамирчдыг тээвэрлэж явсан автобус гүн хавцал руу унаж онхолдсоны улмаас дэлбэрч, дотор нь сууж явсан хүмүүсийн зургаа нь нас барсан тухай албаны хүмүүс мэдээлжээ. Дээрх харамсалтай осол Того улсын нийслэл Ломе хотоос хойд зүгт 160 км-ийн зайд болсон байна. Автобусанд тус улсын хөлбөмбөгийн лигийн “Etoile Filante” багийнхан сууж явжээ. Гэрчүүдийн мэдүүлснээр автобусны дугуй нь эхлээд шатаж, улмаар онхолдож, хавцал руу унасан байна. Ослын улмаас зургаан хүн газар дээрээ амьсгал хурааж, хэд хэдэн хүн хүнд бэртсэн гэнэ. Одоогоор нас барсан хүмүүсийн нэрсийг олон нийтэд мэдээлээгүй байна.
Орон нутгийн телевизээр ослын тухай мэдээлэл цацаж, бараг үнс болтлоо шатаж сүйрсэн автобусны сэгийг үзүүлсэн байна. Ослоос хүнд гэмтсэн хүмүүсийг Ломе хотын цэргийн эмнэлэгт хүргэжээ.
С.Цэлмэг