Бразилийн Калдас-Новас хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шатарчин А.Энхтуул хүрэл медаль хүртлээ. Энэ сарын 17-нд эхэлсэн тус тэмцээнд дэлхийн 80 орны өсвөрийн шатарчид эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм. Монголын баг тамирчдын тухайд өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул, сонирхогчдын шатрын дэлхийн аварга Б.Ану, С.Билгүүн нарын тэргүүтэй 18 шатарчин оюун ухаанаа сорьсноос А.Энхтуул ганцаараа медалийн тавцанд гарчээ. Охидын 18 насны ангилалд өрсөлдсөн тэрбээр нийт есөн өргийн тоглолтоос тав хожиж, гурав тэнцэж, нэг тоглолтод хожигдсоноор нийлбэр 6,5 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ. Түүний ангилалд нийт 70 шатарчин өрсөлдсөнөөс Гүржийн шатарчин Мэри Арабизе 8,0 оноогоор түрүүлж, ОХУ-ын Алина Кашлинскаяа 7,5 оноотой мөнгөн медаль хүртсэн байна. Охидын 18 насны ангилалд А.Энхтуулын хамт өрсөлдсөн ФИДЕ Мастер Б.Ану 4,5 оноогоор 34 дүгээр байрт шалгарчээ. Монголын бусад шатарчдын тухайд өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ энэ жил охидын 12 насны ангилалд оюун ухаанаа сорьж, 5,0 оноотой 26 дугаар байрт, сонирхогчдын дэлхийн аварга С.Билгүүн хөвгүүдийн 14 насны ангилалд 5,5 оноогоор 34 дүгээр байрт шалгарчээ.
Сурагчдын багийн болон хувийн дэлхийн аварга А.Энхтуул ийнхүү шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын дөрөв дэх медалийг хүртлээ. Өмнө нь Д.Номин-Эрдэнэ алт, их мастер Б.Мөнгөнтуул хошой мөнгөн медаль хүртэж байсан билээ.
А.Энхтуул өнгөрсөн жил сурагчдын ДАШТ-ээс алтан медаль хүртсэнийхээ дараагаар манай сайтад өгч байсан ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
С.Цэлмэг