Ангараг гариг руу робот машин илгээв

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

Ангараг гариг руу робот машин илгээв

Америкийн сансар судлалын агентлаг НАСА Ангараг гариг дээр газардах хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээсэн машиныг хөөргөлөө. Ойролцоогоор нэг тонн жинтэй, бүхээг дотроо эвхэгддэг уг хайгуулын машиныг өчигдөр Флорида мужаас “Atlas 5” пуужингаар орон нутгийн цагаар 10.02 цагт хөөргөсөн байна. “Сониуч” хэмээх хочтой уг робот машин Ангараг гариг дээр найман сар хагас хайгуул шинжилгээ хийх юм байна. Хэрэв уг робот машин ирэх наймдугаар сард зорьсон газраа амжилттай газардаж чадвал тус гаригийн гадаргуу дээрх хад чулуу, хөрснөөс дээж авч, бичил биет үүсэх боломжтой эсэхийг судлах ажээ. Уг төсөлд 2.5 тэрбум ам.доллар зарцуулсан гэнэ.

Робот машинд  дор хаяж 14 жил цахилгаан, дулаан ялгаруулах плутони генератор суурилуулсан гэнэ. Машин дахь ашигтай ачааны хэмжээ 75 кг бөгөөд өмнө сансарт илгээж байсан роботуудаас арав дахин их ажээ. Түүнээс гадна робот машиныг хөрснөөс дээж авч, ангилж, химийн найрлагыг нь шинжлэхэд  зориулсан өрөм, багс зэрэг олон хэрэгслээр тоноглосон байна. Улаан нүдэн гаригийн тойрог замд орохдоо уг робот машин 10 км/сек хурдтай байх юм.

Төслийн менежер Петр Тейсингер хэлэхдээ “Бидний хөлөг Ангараг гариг хүрэх замдаа хэдийнэ орсон” гэжээ. Америкийн сансар судлалын НАСА агентлаг робот машиныг хөөргөснөөс хойш 50 минутын дараа хөлгөөс анхны мэдээг авсан байна. Ангараг гариг дээрх шинжлэх ухааны лаборатори болох уг робот машин 2012 оны наймдугаар сарын 6-нд зорьсон газраа хүрэх гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж