Улс тунхагласны 87 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Улсын арслан До.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Г.Элбэг, Ц.Содномдорж, Э.Батбаатар, Ө.Бат-Орших, А.Бямбажав нарын хүчит 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Туушин” компанийн бөх, улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөх, улсын начин Э.Энхбат үзүүрлэлээ. Харин их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээ, АПУ компанийн бөх, улсын арслан До.Ганхуяг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж нар шалгаран үлдэв.
Сануулахад, өнгөрсөн жил буюу Улс тунхагласны 86 жилийн ойн барилдаанд хүчит 128 бөх зодоглож, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, улсын начин Ш.Тогтохбаяр үзүүрлэж байсан юм.
С.Цэлмэг