
150 тонн цөмийн хаягдал ачсан 11 вагон Франц улсаас Германд сүүлчийн тээвэрлэлтээ хийхийг эсэргүүцсэн жагсагчид цагдаагийн хоёр машиныг шатаажээ. Тиймээс цагдаа нар усаар шүршиж, нулимс асгаруулагч хий болон бороохой хэрэглэсэн байна. Зарим түрэмгий жагсагчид цагдаа нарын эсрэг шил, будагч бодис шидэж, чинжүүтэй хий хэрэглэсэн аж. Цөмийн хаягдлыг түр хадгалах Горлебен гэдэг газраас 35 км зайтай хэсэгт дээрхи үйл явдал болсон юм. Одоо хаягдал ачсан галт тэрэг Саарт байна. Галт тэрэгний аюулгүй байдлыг Францын 3 мянга, Германы 19 мянган цагдаа хамгаалж байгаа юм.
Атомын цуваа гэж нэрлэсэн энэ галт тэргийг Францаас гарахын өмнө Францын экологи хамгаалагчид мөн эсэргүүцжээ. Тэд төмөр замын рельсийг эвдэж, цагдаагийн нэг машиныг шатаасан бөгөөд мөн цагдаа нар тараажээ.
Н.Тунгалаг