Зургаан жилийн их засварын эцэст үүд хаалгаа дахин нээсэн Москвагийн Их театрын шинэ жилийн бэлэг “Цөмөөхэй”-н тасалбар олдохгүй байна. Энэ сар гармагц үүр цүүрээр ирж дугаарлан зогссон хүмүүс аль хэдийнэ аваад дууссан сурагтай. Харин дамын үнээр зарах тасалбар олдож байгаа гэнэ. Эрэлттэй байгааг нь мэдрэн, олуулаа ирж дахин дахин дугаарлан олон тасалбар авсан залуус одоо бизнес хийж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 28-нд театр “Руслан Людмила” дууриар нээлтээ хийх үед тасалбарын дамын үнэ тэнгэрт гарсан бөгөөд гала тоглолтын тасалбар хоёр сая рубль хүрсэн мэдээ бий. Тасалбарын албан ёсны үнэ нь угтаа бол 600-4500 рубль байдаг ажээ.
Шинэ оныг угтан тосдог “Цөмөөхэй” балет манай ДБЭТ-т ирэх сарын 24, 25-нд тоглоно.