Шөнөөр хуралдсан чуулганаар юу хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Шөнөөр хуралдсан чуулганаар юу хэлэлцэв

Арванхоёрдугаар сарын 1 гэхэд бүрэн баталсан байх ёстой Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төсөл эрхэм гишүүдийг уламжлал ёсоор сандаргаж байна. Төсөв хэлэлцэхээр өнгөрсөн лхагва гаригт хүртэл ээлжит бус хуралдаан зарлаад баралгүй, түүнийгээ цуцалсан бол өчигдөр тэд үдэш оройн цагаар хуралдлаа.  
Өчигдөр үдээс хойш товлогдсон хуралдаан үдшийн 23.50 цагаас эхэлж, уг хуралдаанаар Төсвийн хуулийг хэлэлцжээ. УИХ-ын даргын зүгээс уржигдрийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан, өчигдрийн үдээс өмнөх хуралдаануудыг цуцалж, байнгын хороо, намын бүлгүүдийн хуралдааныг хуралдуулах боломж олгосон ч хоёр талаас байгуулагдсан намын бүлгийн ажлын хэсэг 2012 оны нэгдсэн төсөв дээр нарийвчилсан тохиролцоонд хараахан хүрч чадаагүйгээс Төсвийн байнгын хороо хоёр дахь хэлэлцүүлгийг хийх боломжгүйд хүрч, улмаар чуулганы хуралдаан хойшлогдоод байсан юм. Харин өчигдөр үдээс хойш хоёр намын бүлэг хуралдаж, тохиролцоонд хүрч чадахгүй байсан зарим асуудлаар саналаа нэгтгэсэн тул Төсвийн байнгын хороо оройдоо багтан хуралдаж, хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.    

Чуулганы хуралдааны эхэнд, төсвийн тухай хуулиудтай дагалдан өргөн баригдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.7 хувийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна.  

Дараа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй дагалдан нэмэлт өөрчлөлт орох хуулийн төслүүдийн хамт "Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай", "Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн горимын саналаар санал хураахад гишүүдийн олонх дэмжиж хууль болон тогтоолын төслүүд батлагдлаа.

Үүний дараа хуралдаанаар, байнгын хороод, намуудын бүлэг, гишүүдийн дэмжиж санал нэгдсэн төсвийн урсгал зардлыг бууруулах санал болон төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх саналууд бүхий зарчмын зөрүүтэй саналуудыг агуулсан Төсвийн тухай хуулийн төслийн талаар байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа уншиж танилцуулав.

Түүний танилцуулснаар, Засгийн газар бодлогын баримт бичгүүд, шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан Монгол улсын 2012 оны төсвийн төслийг боловсруулахдаа нэгдсэн төсвийн нийт орлогыг 6,352,1 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 35,3, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 7,093,0 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 39.4 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцлийн алдагдлыг 740,9 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий -4,1 хувь болохоор тооцсон байна.

Мөн Монгол Улсын 2012 оны төсвийн урсгал зарлага 3,273.1 тэрбум төгрөгт төлөвлөгдсөнөөр 2011 оны төлөвлөгөөнөөс 1,321,2 тэрбум төгрөгөөр буюу 59,6 хувиар нэмэгдэх, нэгдсэн төсвийн нийт урсгал зарлагын хэмжээг 2012 онд 4,637.0 тэрбум төгрөг байхаар тооцсон байна. Түүнчлэн Засгийн газар ирэх оны төсөвтөө дэлхийн зах зээл дэх нэг унци алтны үнийг 1723.7 ам.доллар, зэсийн үнийг 6663.5 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийг 166.58 ам.доллар байхаар тооцож тусгажээ.

Танилцуулгын дараа гишүүд зарчмын зөрүүтэй саналуудаар саналаа хураалгасан бөгөөд санал хурааж дууссаны дараа хурал даргалагч уг хуулийн төслийг 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлж байгааг мэдэгдээд, “Нэгэнт шөнөд орой байдаггүй тул хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бүрэн хэлэлцчихье” хэмээн гишүүдэд уриалжээ. Хэлэлцэхээр төлөвлөсөн сүүлчийн асуудал бол мөн төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн "Цалингийн хэмжээ тогтоох, итгэлцүүр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх байв. Гэвч уг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж шийдвэрлэснийг өчигдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, тогтоолын төслийг санаачлагчид нь буцаасан. Ингээд Төсвийн тухай хуулийн төслийн 3, 4 дэх хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хийхээр болж, энэ өдрийн чуулганы хуралдаан өндөрлөсөн байна.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж