Төсвийн байнгын хороо төсвийн хуулийг багцаар нь дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо төсвийн хуулийг багцаар нь дэмжив

Төсвийн хуулийг арванхоёрдугаар  сарын 1-нээс өмнө батлах үүрэг УИХ-д бий. Энэ асуудал дээр тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсан намын бүлгүүд өчигдөр үдээс хойш зөвшилцөлд хүрснээр нэлээд оройхон чуулганы хуралдаанаар оруулан хэлэлцсэн байна. Гэхдээ чуулганы хуралдаанд оруулахын өмнө хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцсэн байх ёстой байдаг.  Энэ дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд үдшийн 21.00 цагийн орчим эхэлсэн байна. Хуралдааны ирц 57,1 хувьтай байв.
Хуралдаанаар эхлээд Тендерийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011 оны 6-р сарын 9-ний өдрийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Уг хуульд хуулиар эрх олгогдсон худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах болон худалдан авах ажиллагааг боловсронгуй болгох, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай асуудлыг тусгасан аж. Хуулийг 2011 оны 12-р сарын 1-нээс мөрдөхөөр заасан байна. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн гүйцэд хангах зорилгоор энэхүү хуулийг хэрэгжүүлэх хугацааг нь 2012 оны 12-р сарын нэгний өдөр хүртэл хойшлуулах саналтай гэдгээ Сангийн сайд хэлж төслөө танилцуулсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Х.Баделхан нар асуулт асууж, хариулт авлаа. Тэд саяхан батлагдсан энэ хуулийг чухам яагаад ингэж хэрэгжих хугацааг нь хойшлуулж байгааг Сангийн сайд С.Баярцогтоос асууж байлаа. Сайд хариулахдаа, хууль батлагдсантай холбогдуулан уг хуулийг дагалдан гарах зарим хууль гүйцэд хараахан гараагүй байгаа тул зарим хүндрэл үүсэх бөгөөд боловсон хүчний асуудал, түүнтэй холбоо бүхий сургалтын асуудал гэхчлэн агентлагийн даргыг авахад хүртэл 45 хоногийн нээлттэй шалгаруулалт зарлах гэхчлэн нэлээд ажил хийгдэх шаардлагатай зэргийг тайлбарласан юм. Ингээд саналтай гишүүд байгаагүй тул Засгийн газрын саналыг гишүүд дэмжиж, хуулийн хэрэгжих хугацааг хойшлууллаа.

Дараа нь хуралдаанаар, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваагийн хэлснээр, төсвийг үр ашиг талаас нь харгалзан үзэж, түүнчлэн олон нийтийн санал шүүмжлэлд анхааралтай хандан хүлээж авч, УИХ дахь 2 намын бүлэг таван удаа төсвийг хэлэлцэн боловсруулсан гэж байв. Төсвийн зарлага талыг бууруулах, инфляцийг хоёр оронтой тооноос бууруулахад анхаарсан гэдгийг ч мөн хэлсэн юм. Тэрээр макро эдийн засгийн үзүүлэлтийг нэлээд сайжруулсан төсөл болсон гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Ингээд тус хуралдаан болохоос өмнө хуралдсан хоёр намын бүлгийн хуралдаанаар санал хураахгүйгээр дэмжигдсэн горимын саналуудыг байнгын хорооны гишүүд мөн дэмжиж. Байнгын хороодын дэмжсэн саналууд буюу төсвийн урсгал зардлыг бууруулах санал болон төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх талаар гаргасан саналууд дийлэнх нь дэмжигдсэн. Дараа нь төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх талаар гаргасан болон байнгын хороодын дэмжээгүй саналуудаар санал хураалт явуулав. Түүнчлэн Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналуудаар санал хураахад зарим саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн юм.

УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалтын саналын нэр өөрчлөх, хооронд нь шилжүүлэх саналын талаар ирүүлсэн санал хураалт болох үеэр Сангийн сайд горимын санал гаргаж, багцаар нь хураалгах тухай хэлэхэд гишүүд дэмжсэн. Ингээд Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссан болно.

Дараа нь гишүүд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Эдгээр нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн юм.

Дээрх хуулийн төслүүдийг нэг бүрчлэн хэлэлцэх үеэр асуух асуулттай гишүүд байгаагүй бөгөөд төслүүдэд өгөх саналтай гишүүд мөн гарсангүй. Иймд анхны хэлэлцүүлгээр нь дэмжих тухай байнгын хорооны горимын саналууд дэмжигдэж, хуулийн төслүүд болон тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Байнгын хорооноос санал, дүгнэлт гарч, чуулганы хуралдаанд танилцуулахаар болж, Төсвийн байнгын хорооны хуралдаан 23.00 цаг дөхүүлэн өндөрлөв. Үүний дараа  23.40 цагийн орчим УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж