Уул уурхайн шилдгүүд тодров

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Уул уурхайн шилдгүүд тодров

"The Mongolian Mining Journal" сэтгүүлийн газраас "Mining Journal Awards 2011" ёслолыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Уг шалгаруулалт нь Уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг олон нийтэд зарлан таниулах зорилготой. Төрийн яам, агентлагуудын явуулдаг шалгаруулалтаас зарчмын ихээхэн ялгаатай бөгөөд хараат бус, мэргэжлийн Шүүгчдийн Зөвлөл олон үе шаттайгаар дүнг нь гаргадаг. Шүүгчдийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын уул уурхайн салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд багтдаг юм.

Шүүгчдийн Зөвлөлийн бүрэлдэхүүн:

  • Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа   
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, Аялал жуулчлал, Геологи, Уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр
  • Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Б.Галсандорж
  • Маркшейдерийн холбооны тэргүүн, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зөвлөх, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор Д.Дондов
  • УИХ-ын гишүүн Х.Наранхүү
  • Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвтогтох
  • Ил тод сангийн зохицуулагч Д.Цэрэнжав
  • Монголын баяжуулагчдын холбооны тэргүүн Г.Шархүү
  • Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат

Эд бол уул уурхайн технологийн бүхий л дамжлага, эрдсийн төрлөөр тус тусдаа мэргэшсэн тэргүүлэх эрдэмтэн, судлаачид юм. Түүнчлэн байгаль орчин, мэргэжлийн хяналтын чиглэлээр уул уурхайнханд  хамгийн хатуу шаардлага тавьдаг хоёр мэргэжилтэн Шүүгчдийн бүрэлдэхүүнд багтдаг нь анхаарал татдаг.
Mining Journal Awards-2011-д өнгөрсөн жилийнхээс илүү олон компани тайлан материалаа ирүүлэн өрсөлджээ. Уг арга хэмжээний далайц жил ирэх тусам өргөжиж байгаа нь шалгаруулалтын дүн хараат бус, шударга гардаг, аль нэг төрийн байгууллагын хяналт дор явагддаггүй, олон нийтийн санал асуулгыг онлайнаар нээлттэй авдаг, мэргэжлийн байгууллагуудаар бүтэн сарын хугацаанд санал асуулга давхар явуулах зэргээр шалгаруулалтын үр дүн бодитой байж болох бүхий л боломж бүрддэгтэй холбоотой. Мөн уул уурхайн мэргэжлийн болон судалгаа шинжилгээний байгууллагуудаас 270 саналын хуудас бөглүүлэн авсан байна.

Нийт таван мэргэжлийн номинациар шалгаруулалт явагдав.

  • Шилдэг уурхай номинацид Монголын Алт компанийн уурхай , орон нутгийн Тавантолгой, Энержи ресурсиз компанийн Ухаа худаг уурхай, Эрдэнэт Үйлдвэрийн хүдрийн ил уурхай хүчтэй өрсөлдсөнөөс Шалгуур үзүүлэлтүүдийг дүгнэсэн оноогоор "Эрдэнэт" үйлдвэрийн Хүдрийн ил уурхай Шилдэг уурхайгаар шалгарчээ.
  • Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа: “Энержи Ресурсиз”
  • Шилдэг эко уурхай: “Пибоди Винсвэй Ресорсиз”
  • Шилдэг технологи: “Таван Талст”
  • Хайгуулын шилдэг компани: “Хүннү Коул”
  • “Уул уурхайн Оны хүн” шагналыг олон нийтийн санал асуулгын 53 хувийн саналаар Д.Зоригт
  • “Уул уурхайг дэмжигч байгууллага” шагналыг олон нийтийн санал асуулгын 31 хувиар Худалдаа хөгжлийн банк тус тус шалгарч хүртлээ.

Түүнчлэн хамгийн том шагнал болох “Шилдгийн дээд” Гран При-г "Энержи Ресурсиз" компани нь шалгаруулалтын бүхий л номинацид хамгийн өндөр оноо авсан цогц амжилтаараа хүртжээ. Тус компанийн хувьд 2011 он олон том бүтээн байгуулалтаа ашиглалтад хүлээн авсан жил байсан учир ийнхүү бүхий л номинацид тэргүүлж чадсан байна.

Харин ирэх жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой”, "Монголын Алт", "Оюутолгой" зэрэг компаниудын бүтээн байгуулалт ид жигдэрч, түүнчлэн үндэсний бусад компаниудын үйл ажиллагаа шалгаруулалтад хүчтэй өрсөлдөх түвшинд гарч ирнэ хэмээн уул уурхайн салбарын мэргэжилтнүүд онцолж байна.  Тиймээс ирэх жилийн шалгаруулалт энэ оныхоос ч илүү өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.

"Mining Journal Awards 2011" ёслолын арга хэмжээнд Монголын уул уурхайн салбарын бүхий л төлөөлөгчид цугласан ба Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчид, Элчин сайдууд хүрэлцэн иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж