ОУ-ын түвшний дунд сургуулиуд нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

ОУ-ын түвшний дунд сургуулиуд нээгдлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр өнөөдөр төрийн өмчийн олон улсын лаборатори сургуулиудаар орж, хичээлийн явц, сургалтын орчинтой танилцлаа. Кембрижийн хос хэлний хөтөлбөрөөр хичээллэж байгаа төрийн өмчийн  “Шинэ эрин” сургууль өнгөрсөн жил элсэлтээ авч хичээллэж эхэлсэн бол “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиуд энэ жилээс хичээллэж эхэлж байгаа юм. Сайд Ё.Отгонбаяр эхлээд саяхан хичээлийн шинэ байранд нүүж орсон төмөр замын “Шинэ эрин” олон улсын лаборатори сургуулиар орлоо. Тус сургууль өмнө нь Хан-Уул дүүргийн 115-р сургууль дээр хичээллэж байсан бөгөөд энэ жилээс төмөр замд баригдсан шинэ хичээлийн байрандаа оржээ. Ингэснээр тус сургуулийн сургалтын орчин нөхцөл эрс сайжирч кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг олон улсын лаборатори сургуулиудад тавигддаг шаардлагуудыг хангаж чадсан байна. Энэ хичээлийн жилд тус сургуульд 7,8,9,10 дугаар ангийн 160 хүүхэд суралцаж байна. Энэ нь нэг ангид ердөө 20 хүүхэд суралцаж байна гэсэн үг юм. Анги дүүргэлт 20 хүүхдээс хэтрэхгүй байгаа нь кембрижээс тавигддаг бас нэг стандарт хэмжээ юм. Тус сургууль өнгөрсөн жил 9-р ангиас элсэлт авч байсан бол энэ жилээс 7,8,9-р ангиас нээлттэй сонгон шалгаруулалтаар элсэлтээ авчээ. Шалгаруулалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулсан байна. Олон улсын лаборатори сургуульд суралцаж байгаа хүүхдүүд 11 төрлийн хичээлийг англи, монгол хос хэл дээр үзэх бөгөөд эдгээр хичээлээс өөрийн сонирхсон 4-5 хичээлийг сонгож үзэх юм. Харин монгол хэл, уран зохиол, монголын түүх зэрэг хичээлүүд нь заавал үзэх хичээлийн тоонд орох бөгөөд эдгээр хичээл нь бүгд монгол хэл дээр орох юм. Сайд Ё.Отгонбаяр тус сургуулийн хичээлийн явцтай танилцаж явахдаа 10-р ангийн хүүхдүүдээс  IGCSE / international general certificate for secondary education/  буюу кембрижийн олон улсын дунд боловсролын шалгалтанд хир бэлдэж байгааг нь асууж сонирхож байлаа. Энэхүү шалгалтыг тус сургуулийн 10-р ангийн сурагчид анх удаагаа ирэх жил өгөх бөгөөд энэхүү шалгалтыг амжилттай өгснөөрөө  олон улсын их дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болох юм. Тийм болохоор сайд ихээхэн анхаарал хандуулж  сайн суралцахыг захиж байлаа. “Шинэ эрин” сургууль багшлах боловсон хүчний хувьд 20 гаран багштай  байгаагийн 3 нь гадаад багш байна. Удахгүй дахин 5 багшийг гадаадаас урьж ирүүлэхээр БСШУЯ ярьж тохирчээ. Сайдын дараагийн орсон “Шинэ эхлэл”,”Монгол тэмүүлэл” сургуулиуд ч сургалтын орчин нөхцөлөө сайтар хангасан нь харагдаж байлаа. Кембрижээс тавигддаг бүхий л шаардлагууд болох иж бүрэн тоноглогдсон лаборатори анги танхим, интернэтийн хурдны хэмжээ, галын болон аюулгүй ажиллагаа, шалгалтын материал хадгалах тусгай өрөө, 24 цагийн ажиллагаатай хяналтын камер гээд олон шалгуур үзүүлэлтийг хангасан аж. Сайд олон улсын түвшинд сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн эдгээр сургуулийн талаар сэтгэл хангалуун байлаа. Өнөөдөр дэлхийн 130 шахам орон кембрижийн хөтөлбөрөөр хичээллэж байгаа бөгөөд дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиуд энэхүү хөтөлбөрийг хүлээн зөвшөөрдөг байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж