М.Цолмонбаатар Гавьяат жүжигчин боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

М.Цолмонбаатар Гавьяат жүжигчин боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улс тунхагласны 87 жилийн ойг тохиолдуулан эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо, эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан  хүмүүст Монгол Улсын цол, одон, медаль өнөөдөр гардуулж, баяр хүргэлээ.
 
Үндэсний болон дэлхийн  сонгодог бүтээлүүд, түүхэн ба орчин үеийн сэдэвтэй жүжгүүдэд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бүтээж уран чадварлаг жүжиглэлтээрээ ард олныхоо танил болсон төдийгүй драмын урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж,

Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин Мажигсүрэнгийн Цолмонбаатарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол, тэмдэг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ойдовын Адъяа, Монголын Паралимпийн хөнгөн атлетикийн холбооны тамирчин Банзрагчийн Батдорж, хоёрдугаар цахилгаан станцын диспетчир инженер Бигазын Тумархан, Ховд аймгийн Жаргалант сумын өндөр настан Жигжидийн Домид, Монголын шатрын холбооны багш, дасгалжуулагч, олон улсын шатрын холбооны мастер Жамбалдоогийн Лхагваа, Чөлөөт уран бүтээлч, дуучин Намдагийн Төмөрхуяг нарт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,

ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын хэлтсийн дарга, хурандаа Жигжидсүрэнгийн Ганхүүд Цэргийн гавьяаны улаан тугийн одон,

“Мөнхийн үсэг” ХХК-ийн сантехникч Цэндийн Бөндөг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн нярайн тасгийн их эмч Цэдэнгомбын Лхамсүрэн, Нийслэлийн 50 дугаар сургуулийн шугам зургийн багш Санжаасүрэнгийн Мөнхцэцэг, Гангар Инвест ХХК-ийн цахилгаанчин Лхамаагийн Урантүлхүүр, Атар өргөө ХК-ийн технологийн ажилчин Давгын Хандсүрэн нарын долоон хүнд Алтан гадас одон,

БХЯ-ны  АДХЦ-ийн командлалын оператив удирдлагын ерөнхий инженер, хурандаа Очирын Энхбаяр нарын хоёр хүнд Цэргийн гавьяаны одон,

УБТЗ-ын Суудлын вагон депод вагоны үйлчлэгч Сандуйн Байгалмаа, Монголын цахилгаан холбоо ХК-ийн үйлчлэгч Дэмчигсүрэнгийн Гандиймаа, 3 дугаар амаржих газрын сувилагч Гэндэнжавын Сүрэнхорлоо нарын таван хүнд Хөдөлмөрийн хүндэт медаль,

Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн жолооч, засварчин, ахлах ахлагч Жадамбаагийн Ганбат, Онцгой байдлын газрын аврах тусгай ангийн штабын шүхрийн ахлах зааварлагч-нисэн ажиглагч, шадар ахмад Янжиндуламын Эрдэнэбилэг нарын гурван хүнд Цэргийн хүндэт медаль гардуулан баяр хүргэж үг хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Улс тунхагласны 87 жилийн ойгоор хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр төрийнхөө өндөр шагналыг хүртсэн Та бүхэнд болон нийт ард иргэддээ халуун баяр хүргэе. Энэ жил олон ой давхацсан их сайхан жил болж байгаа. Манай олон ард иргэд өөрсдийнхөө хөдөлмөр бүтээлийг үнэлүүлж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх аа. Ер нь өмнөх түүхийн үнэ цэнэ, бахархал хойч үеийн үргэлжлэл болж, өнөөдрийг цогцлоож явдаг. Хойч үе нь өнгөрсөн түүхээрээ бахархаж, ахмад буурлуудаа дээдэлж, хөгжил дэвшлийн алтан хэлхээг мөнхлөн дэвжээж явах учиртай.

Монгол түмний түүхэн хүндэтгэлт ойн жилүүд давхацсан мөчид хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байгаа та бүхэн бол нийт шагнал хүртэгсэд бол  манай орны  шилдэг иргэд билээ. Өнөөдөр шагналаа гардан авсан эрхэм хүмүүс маань олон салбарын төлөөлөгч байгаад би баяртай байна. Түүний нэг, урлагийн алтан үеийнхэнтэй тайз, дэлгэцийн 60 гаруй томоохон бүтээлийг туурвилцаж олны зүрх сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээсэн жүжигчин Мажигсүрэнгийн Цолмонбаатар өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Та нарын дунд эрдэм шинжилгээний ажилтан, инженер, дунд сургуулийн багш, эмч, уран бүтээлч, тамирчин, ажилчин, сантехникч, слесарьч, гагнуурчин, үйлчлэгч, сувилагч гээд төрөл бүрийн ажил мэргэжлийнхэн байна. Бас гавьяаныхаа амралтыг эдэлж буй ахмадуудын маань төлөөлөл ч орсон байгаа. Та бүхнийг  ажил, хөдөлмөртөө шамдан амжилт гаргах боломж нөхцөлийг бүрдүүлсэн гэр бүлийнхэн, хамт олонд тань бас баяр хүргэе. Ингээд шагнал авсан нийт иргэддээ болон ард түмэндээ улс тунхагласны 87 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, их амжилтыг хүсэн ерөөж байна” гэв.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж