Тухайн үед Нийслэлийн Засаг даргын 2010 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаар захирамжийг үндэслэн уг газрыг чөлөөлөх захирамж гарсаар байтал нь өдий хүртэл биелээгүй нь иргэдийг шүүхэд хандахад хүргэсэн байна. Тус 14, 15 дугаар байрны дунд барьсан “С” блок нь айлуудын нарыг хааснаар тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байсан тухай актыг холбогдох албаны хүмүүст хүргүүлсэн. Шүүхийн байгууллагаас эцэслэн тогтоох шийдвэр гарч байсан гэнэ. Ер нь шат, шатны дүгнэлт ээлж дараалан гарч байсан боловч амьдрал дээрээ огт хэрэгждэггүй байсан нь иргэдийн дургуйцлийг ихэд хүргэжээ.
Тэд үүний дараа нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандснаар нийслэлийн Засаг даргын 2009 онд гаргасан 80 дугаар захирамжийн биелэлтийг хангах арга хэмжээг зохион байгуулж хяналт тавих үүргээ биелүүлээгүй орхидуулсан, хууль бус бус үйлдэл болохыг тогтоож газар чөлөөлүүлэх хэрэгжилтэд хяналтыг дахин тавихыг шаардсан албадан гүйцэтгүүлэх шийдвэрийг УДШ, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс удаа дараа гаргаж байжээ. Үүнийг НМХГ-аас шалгаж шаардлагад нийцээгүй гэх дүгнэлтээр уг барилгыг нураах шийдвэр гарсан ч өнөөг хүртэл хэвээрээ л байна.
Гэтэл зэрэгцээ хоёр барилгыг нураах нь бүү хэл одоо хүртэл эзэд нь байхгүй байгаа бөгөөд хүний хөрөнгө гэдэг шалтгаанаар өдий болтол хойшлуулж цаг хожиж байгаа талаар оршин суугчид ярьж байсан. Ингэснээр Нийслэлийн Засаг даргын газрыг албадан чөлөөлүүлэх захирамж энэ оны нэгдүгээр сарын 7-нд гарчээ. Уг захирамжид Улсын дээд шүүхийн 2010 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 173 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг иргэн Х.Анхбаяр, Л.Чимгээ нараар гаргуулах барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай гэсэн захирамж гаргасан байна. Ийнхүү хяналт тавьж, дүгнэлт гаргаж, тодорхой хэлж өгсөн байхад л барилгын эзэд юунд итгэж өдий хүртэл явсан нь хачирхалтай. Байрны оршин суугч Б.Түвшинбаяр “Бид энэ барилгын талаар бүтэн таван жил хөөцөлдсөн. Гэтэл барилгын газрыг бүхэлд нь биш зөвхөн “С” блокийн газрыг чөлөөлөх болсонд харамсалтай байна. Анх бид өргөдөлдөө бүхэлд нь чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Иргэд бид нар үзэх эрхээ мөнгөтэй хүмүүст алдах эрх байхгүй. Гэр орондоо тухтай амьдрах ч хэцүү байна. Айлууд нар салхи үзээгүйгээс болж чийг, хөгцөн дунд амьдарч эрүүл мэндээрээ хохирсоор байна. Миний хувьд бүтэн таван жил явахад өөрийн амьдрал цаг хугацаа, эрүүл мэнд гээд олон зүйлээр хохирсон. Тэгээд ч орон сууцны хажууд зочид буудал байж болохгүй. Энд иргэд амьдарч, үр хүүхдээ гадаа салхилуулж, хүүхдүүд тоглоно биз дээ. Зочид буудалд ямар хүмүүс орох нь ойлгомжтой. Тэгээд ч насанд хүрээгүй хүүхдүүдийг буруу зүйлд уруу татахыг хууль тогтоох байгууллага нь нотлоод байхад хүний эд хөрөнгө гэж хаацайлж байгаа хүмүүс байгааг хэлэх хэрэгтэй. Энэ барилгын эзэд шүүх хурал болоход итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулж, өөрсдөө нэг ч удаа хуралд оролцож байгаагүй. Шүүхийг үл хүндэтгэж байгаа хүмүүстэй энэрэнгүй харьцах эрх байхгүй. Бид аргаа барж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандахад бидний хүсэлтийг хүлээн авч, холбогдох хүмүүст асуудлыг шийдэж өг гэсэн албан тоот явуулж байсан. Ер нь ШШГЕГ, Нийслэлийн газрын алба , Нийслэлийн Засаг дарга шийдвэрээ гүйцэтгэх тал дээр бие, бие рүүгээ шидэлцдэг учраас энэ дүгнэлтүүд өдий болтол удсан. Эцэст нь ганц “С” блокийг буулгахаар болсон нь цаанаа ямар агуулга байгааг хэлж мэдэхгүй байна. 2009 онд барилгыг хүлээж авахгүй хууль бус гэсэн шийдвэр гарч байсан. Одоо хүртэл Улсын комисс хүлээж аваагүй л байгаа. Барилгын эзэд юунд итгэж найдаад байгааг хаацайлж байгаа эрх бүхий хүмүүс л хэлэх байх. Эзэд нь байхгүй барилгыг өмгөөлөх хэрэг байхгүй. Газар олгож буй албаныхан энэ байранд хэчнээн хүн амьдарч байгааг бодолцох хэрэгтэй байсан юм. Төрийн албан хаагчид өөрсдийн ажил үүргийн хэм хэмжээгээ мэдэхгүй байна гэж байхгүй л баймаар юм” гэлээ.
Ер нь хотын төвд стандарт зөрчих, хүүхдийн тоглоомын талбай, барилга хоорондын зайд байшин барихыг хатуу хориглоно гэсэн заалт бий. Нийслэлд энэ заалтыг хэрэгжүүлдэг албан тушаалтан байхгүй болсоор байгаагийн тод жишээ энэ байх. Сүүлийн үед мөнгөтэй хүмүүс иргэдийн нарыг хүртэл мөнгөөр худалдаж авдаг болсон. Хөрөнгө мөнгөтөй л бол байрны булан тохойг худалдаж авдагийг хэзээ болих вэ. Энэ бүх хууль бус үйлдлийн цаанаа жинхэнэ авлигачид л үүнийг өөгшүүлж тэдний мөнгөөр баяжиж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу.
“Өдрийн шуудан” сонин