Хөгжлийн бодлогыг 20 жилээр боловсруулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бодлогыг 20 жилээр боловсруулахыг хүсэв

Монгол Улсад Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр улс орны хөгжил дэвшлийн хурдасгуур болсон эрдэмтэн судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс маань үсрэнгүй хөгжлийн гараанд дээр ирээд байгаа.

Хөгжлийн олон тулгуур хүчний хамгийн чухал нь монгол хүн байх учиртай гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тодотголоо.

Ингэхдээ оюун ухааны салбарын хөдөлгөгч хүч болсон энэ салбарын уураг тархи, гол цөм нь эрдэмтэн мэргэд юм гэдгийг тэмдэглэлээ. Тиймээс ч ийм хариуцлагатай үед хамгийн түрүүнд шинжлэх ухааны байгууллагууд, түүний гол цөм болсон тэргүүлэгч гишүүд, эрдэмтэд манлайллаа улам өндөржүүлэх, тэдний оролцоо улам нэмэгдэж байгааг дуулгаад идэвхтэй хамтарч ажиллахыг хүслээ. 
  


Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засаг руу явж байна. Засгийн газар ч энэ чиглэлд гол бодлогоо барьж ажиллаж байгаа гэж  Засгийн газрын тэргүүн С.Батболд гээд улс орныхоо хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй, илүү бодитой болгох нь өнөөдөр хамгийн чухал гэдгийг тодотгож байсан юм. Улс орныхоо хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй, илүү бодитой болгоё. Суурь дэвсгэр болсон зорилт хангалттай бий. Гэхдээ ажил хэрэг болох бодлогыг эдгээр зорилтууд дээр үндэслэн боловсруулах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгалаа. Утоп шинжтэй уриа лоозон, хий хоосон хөтөлбөр байх ёсгүй.

Хүний хөгжлийн болон өрсөлдөх чадварын индексээрээ монголчууд дэлхийд хаана явна гэхчлэн бодит судалгаанд үндэслэн төлөвлөе. Аль нэг улс төрийн нам, эсвэл яам тамгын газар, Хөгжил шинэтгэлийн хорооны түвшинд хөгжлийн төлөвлөгөө гаргадаг биш эрдэмтэд мэргэдээ оролцуулсан бодитой, урт настай төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллахын чухлыг энэ үеэр мэдэгдлээ. Сонгуулиас сонгуулийн хооронд бодлого боловсруулж, өмнөх бодлого төлөвлөгөөг үгүйсгэдэг байдлыг халах цаг ирсэн гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд үүнд Шинжлэх ухааны академийн гишүүд та бүхний оролцоо их гэдгийг онцоллоо.

Хөгжлийн стратегийг боловсруулахад идэвхтэй оролцоно гэдгээ тус академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин энэ үеэр эрдэмтэн мэргэдээ төлөөлөн илэрхийллээ. Энэхүү уулзалтын үеэр яам, тамгын газар, агентлагууд бодлого боловсруулахдаа тухайн салбарын эрдэмтдээ урьж оролцуулдаг байх асуудал мөн хөндөгдсөн бөгөөд ажил хэргийн уулзалт ойрын хугацаанд зохион байгуулж энэ саналыг бодит ажил  болгох талаар ярилцахаар тохиролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж