Энэхүү аяны зорилго нь тухайн дүүрэгт ажиллах хугацаандаа дүүргийн нийгмийн эмзэг бүлгийн өрх толгойлсон 100 эмэгтэйг идэвхжүүлэх, сонирхсон асуудлаар нь сургалт, уулзалт ярилцлага хийх, сэтгүүлийнхээ хэвлэгдэн гарах дугаар бүрээс 100 ширхэгийг түгээх зэрэг юм. Хүн амьдралаа өөрчлөхөд нэг минут, магадгүй түүнээс ч бага хугацаа зарцуулах боломжтой гэдэг. Тиймээс бид эмэгтэйчүүдийнхээ амьдралыг харах өнцгийг өөрчилж, идэвхжүүлэхийг гол зорилгоо болгосон юм.
“UPTOWN-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨ” аянаа бид 5 дугаар сард Баянзүрх дүүрэгт, 8 дугаар сард Чингэлтэй дүүрэгт тус тус амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ удаад Сүхбаатар дүүрэгт буухиаллаа. Эмэгтэйчүүдийн төлөө гэсэн чин сэтгэл ивэлсэн бидний уулзалтад UPTOWN сэтгүүлийн удирдах зөвлөлийн гишүүдийг төлөөлөн “Ажигана” группийн захирал Э.Туул, зохиолч Б.Тогтохбаяр /Шүүдэрцэцэг/, мөн Монголд амьдарч байгаа сэтгэл зүйч Elizabeth Кoppa, Хүчирхийллийн эсрэг төвийн нийгмийн ажилтан н.Хүрэлцэцэг нар хүрэлцэн ирж бүсгүйчүүдтэй тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлуудын талаар ярилцаж, лекц уншлаа. Мөн арга хэмжээний үеэр Сүхбаатар дүүргийн өрх толгойлсон нэг эмэгтэйн онц сурлагатай, гоц авьяастай Б.Дэлгэрцэцэг охинд дээд сургуулийнх нь нэг жилийн сургалтын төлбөрийн батламжийг гардуулсан юм. Дуу хууртай, чин сэтгэлийн яриатай, өөдлөн дэвжихийн ерөөлтэй бидний уулзалт ийн өндөрлөж, бүсгүйчүүд маань сэтгэл тэтгэх урмын үг, амьдралаа өөрчлөх итгэлтэйгээр нэгэн өдрийг өнгөрөөлөө.
“UPTOWN-Эмэгтэйчүүдийн төлөө” аян маань нийслэлийн зургаан дүүрэгт буухиалан өрнөхдөө Монгол Улсын минь гэрэл гэгээ болсон эмэгтэйчүүддээ сэтгэлийн дэм, эрч хүч өгч, их амжилт бүтээлийнх нь гараа болно гэдэгт бид итгэлтэй байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.