“Төсөвт 1.1 их наядын таналт хийхээр болсон”

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

“Төсөвт 1.1 их наядын таналт хийхээр болсон”

УИХ дахь хоёр намын бүлэг өнөөдөр 10.00 цагаас эхлэн хуралдаж, тус бүр 2012 оны нэгдсэн төсвийг авч хэлэлцэн завсарласан ч зарчмын ямархуу шийдэлд хүрээд байгаа талаар аль, аль нь сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй. Ямар ч байсан УИХ дахь хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг дахин хуралдаж, үүний дараа үргэлжлүүлэн бүлэг хуралдах аястай байна гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүд өгч буй юм. Тиймээс УИХ-ын зүгээс зарласан УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан ч хойшилж мэдэх төлөвтэй байна. Иймд бид УИХ-ын гишүүн Н.Ганбямбаас дараах асуултад хариулт авлаа.

-Ирэх долоо хоногийн лхагва гаригаас урьтаж 2012 оны нэгдсэн төсвийг батлахгүй бол хуулиараа УИХ тарж мэдэхээр байна. Бүлэг дээр ямархуу асуудлыг хөндөв. Хоёр бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг тохиролцоонд хүрч чадсан байдаг юм болов уу?

-Төсөв батлах хугацаа маань арванхоёрдугаар сарын 1-ний 24.00 цагаар дуусгавар болох учиртай. Цаг хугацааг тоолоод эргүүлээд үзсэн чинь ирэх пүрэв гариг буюу чуулган хуралдах өдөр маань арванхоёрдугаар сарын 1-н болчихоод байдаг. Гэтэл төсөв маань гацаанд. Хаа хаанаасаа л цаг нэлээд зарцуулж хэлэлцсэн л дээ, уг нь. Тийм учраас өнөөдөр л ганц “шаанс” байна, хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгах. Ингэчихвэл ирэх долоо хоногийн мягмар, лхагва гаригт төсвийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийх хугацаа гарна гэсэн үг. Одоогийн байдлаар хоёр талын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн мэдээлж байгаагаар өргөн барьсан төслөөс 1.1 их наяд төгрөгийн таналт хийхээр үндсэндээ шийдэлд хүрсэн юм билээ.  Танаж байгаа юм нь шинээр барих обьектууд. Цэцэрлэг, сургууль, эмнэлгээс бусад обьектуул орно шүү, үүнд. Нэг их наяд төгрөгийг хасчихаар алдагдал багасна.

-Төсвийг 1.1 их наяд төгрөгөөр багасгачихаар алдагдал хэдэн хувь руу орно гэсэн үг вэ?

-Ерөнхийдөө алдагдлыг ДНБ-ний гурван хувьд баривал яасан юм бэ гэдэг зарчим явж байгаа.

-Хөрөнгө оруулалт тал дээр ямархуу зүйл яригдаж байна вэ. Зайлшгүй тусгах шаардлагатай хөрөнгө оруулалт гэж бас байгаад байх шиг байгаа юм?

-200 гаад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ярьж байна. Үндсэн хуулийн 20 жилийн ой ирэх жилийн нэгдүгээр сарын 13-нд тохионо. Депатуудад зориулж 30-аад тэрбум төгрөгийн санал тавигдсан. Дээрээс нь 48 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын нэн шаардлагатай обьектуудад хөрөнгө оруулж болох юм гэж үзсэн. Үлдэж байгаа 72 тэрбум төгрөгийг 21 аймагтаа хуваарилах юм бол энэхүү 200 тэрбум төгрөг дуусчихаж байгаа юм л даа. Нэг аймагт хоёр тэрбум төгрөгийг нэн шаардлагатай обьектод хуваарилах боломжтой. Ер нь төсвийг 1.1 их наяд төгрөгөөр танана гэдэг бол бас том амжилт. Гэхдээ цаана нь урсгал зардлууд хөндөгдөөгүй. Урсгал зардлыг хасах “шаансууд” байдаг юм. Мөн  түүхийгээр нь экспортолж байгаа  нүүрс, төмрийн хүдэрт  татвар ногдуулах юм бол 300-гаад тэрбум төгрөгийн орлого нэмэгдэж орж ирэх боломжтой. Бүр их реформын чанартай өөрчлөлт хийе гэвэл байгууллагуудын цахилгааны зардлыг хэмнээд энэ олон агентлаг, маш их үрэлгэн зардал маш ихээр шингээж байдаг бүтцүүдийг  “тайрах” юм бол боломж байсан. Одоо хоног хугацаа тулчихсан учраас 1.1 их наяд төгрөгийн таналтаа хийгээд үлдсэн 48 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотод,  72 тэрбум төгрөгөө аймгууддаа хуваарилаад нэг удаадаа гал унтраах маягаар төсөв батлагдах шаанс гарч магадгүйгээр байна. Одоохондоо төсвийн төсөл хоёрдугаар хэлэлцүүлэгт ороогүй байгаа учраас урьдчилж хэлэх боломжгүй байна л даа.

-Хоёр намын бүлэг хуралдаад, байгуулагдсан ажлын хэсэг нэгэнтээ 1.1 их наяд төгрөгийг таная гээд тохирчихсон юм чинь одоо УИХ-ын төсвийн байнгын хороо хуралдах боломжтой гэсэн үг үү?

-Төсвийн байнгын хороо хуралдах болоогүй байна. Ажлын хэсгүүд ажиллах ёстой. Тэр 72 тэрбум төгрөгийг аль барилгад хөрөнгө оруулах вэ гэх мэтчлэнгээр ярих юм их байна л даа.

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөг өгнө гэж яриад байгаа. Нэг их наяд төгрөгөөр төсвийг танах явцдаа энийгээ авчих уу, үгүй юу?

-Энэ “шаансаа” төсөвт тусгаж байгаа. Дээр нь Тавантолгойтой холбоотой Хүний хөгжлийн сангийн төсөв орж ирнэ. 2.2 сая иргэн Хүний хөгжлийн сангаас олгох нэг сая төгрөгийг Тавантолгойн хувьцааны хэлбэрээр авах уу, эсвэл бэлэн мөнгөөр авах уу гэдгийг сонголттойгоор өгөхөөр тооцоод явж байгаа л даа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж