Үдшийн бүрэнхий болохоор Сүхбаатарын талбай, “Улаанбаатар” зочид буудал, хуучнаар “Ард” кино театр, Монголбанк, “Драгон” төвийн хавьцаа “шөнийн эрвээхэйнүүд” хамгийн ихээр “нисдэг”. Тэднийг харахад андашгүй. Өвлийн хүйтэнд ч гуя хасаа гялалзуулан, нүүрээ будаж, нүдээ тодотгосон эмэгтэйчүүд хэсэг хэсгээрээ зогсоно. Хүйтэн, халуунд ажрахгүй, хэн намайг “авах” бол гэсэн бодлоор эргэн тойрны харчуулд сээтэн хаян зогсох тэднээс гадна өндөр үнэтэй, тансаг хэрэглээтэй, зиндаа дээгүүр биеэ үнэлэгчид бий. Тэд өвлийн хүйтэнд хошуу амаа хөлдөөчих гээд зогсохгүй, үйлчүүлэгч нь халуун байр бэлтгээд тэднийг дууддаг. Томоохон зочид буудлуудын эзэд дээд зиндааны биеэ үнэлэгч нарыг анддаггүй гэсэн. Хэн ч хараад биеэ үнэлдэг гэхэд итгэхээргүй ганган гэж жигтэйхэн сайхан бүсгүйчүүд байдаг. Биеэ үнэлэгч нар “Үнэтэй хувцас, өнгө зүс сайтай байхгүй бол ямар хүмүүс биднийг авах нь тодорхой” гэж ярьдаг юм билээ. Гэвч үнэтэй хувцсаар гангарах нь тэдний дунд цөөн. Ядарсан зарим нь хоногийн хоол, цувдай, 2000 төгрөг, шуудай нүүрсээр хүртэл бие үнэлдэг болохыг тэдэнтэй ажилладаг мэргэжилтэн хэлж байсан.
Манай улсын хэмжээнд 18 мянга орчим бие үнэлэгч байдгаас Улаанбаатар хотод тал нь амьдардаг гэсэн судалгаа бий. Манай улс биеэ үнэлж, явалдах, зохион байгуулахыг хуулиараа хориглодог. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр зүйлд “Биеэ үнэлж явалдах, биеэ үнэлэхийг зохион байгуулахыг хориглох, Биеэ үнэлж, явалдахыг хориглоно, Биеэ үнэлж явалдах нөхцөлөөр хангаж, зочид буудлын өрөө, гэр, орон сууц, тусгай байр, тээврийн хэрэгслээр зориуд үйлчлэх, зуучлахыг хориглоно” гэж заажээ. Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай иргэнийг 35000-50000 төгрөгөөр торгох, эсвэл 7-15 хоногийн хугацаагаар баривчлах, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох буюу биеэ үнэлэх газрын зориулалтаар ашигласан зочид буудал, цэнгээний газрыг хаах, биеэ үнэлж явалдахад тээврийн хэрэгслээр зориуд үйлчилсэн бол тээврийн хэрэгслийг хураах гэсэн байна. Энэ хууль хаана хэрэгжиж байна вэ. Гараад хэд алхахад л зочид буудал, баар цэнгээний газар тааралддаг. Тэнд юу болдог нь тодорхой. Цаг нь 5000 мянган төгрөг гэсэн буудалд хэн орж, юу хийх вэ. Эрүү өвдөг нь нийлэх шахсан өвгөн булчин шөрмөс нь гүйцэд боловсроогүй охиныг дагуулан зочид буудал руу орохыг харахаар зэвүү хүрч, дотор муухайрмаар. Энэ мэтчилэн манай улсад биеэ үнэлэгч хэдэн мянгаараа байгаа нь тодорхой. Энэ нөхцөлд тэднийг хэрхэн цэгцлэх вэ гэсэн асуудал үүсч байгаа юм. Нийтийн эзэмшлийн талбайд халтар царайлан зогсоо тэднийг соёлтой үйлчилгээ үзүүлдэг болгохын тулд “Эмсийн хүрээлэнтэй больё” гэх хүн цөөнгүй байгаа бол зарим нь “Монгол Улс хэзээ эмсийн хүрээлэнтэй байлаа. Хацар гоо бүсгүйчүүдийн цэвэр ичимтгий, үнэнч байдал хайчих юм бэ. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн эмэгтэйчүүд улам олон болох юм биш үү” гэж байлаа. Гэхдээ эмсийн хүрээлэн гэсэн нэргүй ч зочид буудлууд ийм л үйлчилгээг үзүүлж байгаа. Үүнийг ч төрийн болон төрийн бус байгууллагаас дэмжиж, “100 хувь бэлгэвч” хэрэглэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. ХДХВ/ДОХ-ын халдвар авах эрсдэлтэй хүмүүсийн тоонд биеэ үнэлэгчид байдаг учраас тэднийг бэлгэвч хэрэглүүлж сургаснаар бид өөрсдийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Тиймээс зочид буудлын өрөөнд бэлгэвч байнга тавихыг тухайн буудлын эздэд хариуцуулсан ч хэрэгжүүлэх нь цөөн байгааг НЭМГ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг хэлсэн. Тэрбээр, биеэ үнэлдэг хүмүүстэй ажилладаг. Түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.
-Манай улсад биеэ үнэлдэг хүмүүстэй ажилладаг хэчнээн байгууллага байдаг вэ?
-Биеэ үнэлэгчид нуугдмал орчинд байдаг учраас тэр бүр бидэнтэй уулзаад жаргал зовлонгоо ярьж, эрүүл мэндийн үзлэгт орж, сэтгэл санааны дэмжлэг авч чаддаггүй. Тиймээс 2008 онд “Сэтгэл амар” төвийг байгуулсан. Энэ төв нь энгийн иргэдэд үйлчилдэг шиг 17:00 цаг гээд хаалгаа барьчихвал тэр хүмүүс шөнө орой яваад үзлэг оношлоонд орох боломжгүй болдог. Тиймээс “Сэтгэл амар” төв 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Нийгмийн болон хүрч очих ажилтан, эмч нар энэ төвд ажиллаж, бие үнэлдэг хүмүүст анхаарал тавьж ажиллаж байна. Биеэ үнэлдэг эмэгтэйчүүд өөрсдөө нийгэм рүү хандаж, энэ байдлаасаа татгалзаж, мэргэжилтэй болох санал тавьж байгаа. Тэд өөрсдийн адил биеэ үнэлдэг эмэгтэйчүүдээ “Сэтгэл амар” төвд авчирдаг. Эдгээр хүмүүсийг нийгэмшүүлэхэд төр анхаарч ажиллаж байна.
-Таны бодлоор биеэ үнэлэх нь ажил мөн үү?
-Хуулиар биеэ үнэлэх нь ажил гэж заагаагүй болохоор төрийн албан хаагч би ажил гэж хэлэх эрх байхгүй. Хүн үүссэн цагаасаа л хүн хүнтэйгээ бэлгийн хавьталд орох, үр удмаа үлдээсээр ирсэн. Гэтэл үүнийг мөнгө олдог арга болгоод байгаа нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна. Зөвхөн ханьтайгаа бэлгийн хавьталд орж, ариун нандин амьдралын журмыг арилжааны хэлбэр рүү оруулахаар буруу болоод байгаа юм. Хэн хэндээ үнэнч байхад ХДХВ/ДОХ-ын халдвараас айх аюулгүй шүү дээ.
Биеэ үнэлэгчид “Бид биеэ үнэлсэн мөнгөөрөө өөрийгөө болон гэр бүлээ тэжээж байна. Хэрвээ бид ингэж хөдөлмөрлөхгүй бол хэн ч бидэнд мөнгө өгөхгүй. Тиймээс энэ бол ажил. Үүнийг нийгэм хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэсэн үзэл бодолтой байдаг. Энэ байдлыг ч ХБНГУ, АНУ-ын зарим муж, Австри, Турк зэрэг орон дэмжиж, биеэ үнэлэх, зохион байгуулахыг зөвшөөрдөг бол Хонгконг, Энэтхэг, Сингапурт зөвхөн биеэ үнэлэхийг зөвшөөрдөг байна. Харин манай хоёр хөршид энэ байдал хаалттай. Зарим улс биеэ үнэлэх байдлыг үйлчилгээний хөдөлмөр эрхэлдэг хүмүүс гэж нэрлэдэг юм байна. Манай улс энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх эсэх нь асуултын тэмдэгтэй хэвээрээ л байгаа юм.
“Өдрийн шуудан” сонин