2011 оны Уул уурхайн салбарын шилдгүүдийг зарлах ёслол өнөөдөр 18.30 цагт “Баянгол” ресторанд эхэлнэ. Арга хэмжээнд уул уурхайн салбарын 200 орчим зочид уригджээ.
“Оны шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Шилдэг эко уурхай” , “Шилдэг технологи”, “Шилдэг хайгуулын компани”, “Уул уурхайн салбарын Оны хүн”, “Дэмжигч байгууллага” гэсэн номинациудаар улирч буй жилийн нөр их хөдөлмөр, менежментийн ур чадвар, чансаагаа дэнслүүлнэ. Энэ жилийн шалгаруулалтын онцлог нь мэргэжлийн таван номинаци тус бүрт Шүүгчдийн үнэлгээгээр өндөр оноо авч гарч чадсан нэг компани Гран При буюу Шилдгийн дээд шагнал хүртэх юм.
Дэлхийн Mining Journal-уудын жишгээр шалгаруулалтын журам явагддаг бөгөөд мэргэжлийн, салбартаа нэр хүндтэй, хараат бус Шүүгчдийн Зөвлөлийн гишүүд нарийвчилсан шалгуур үзүүлэлт тус бүрт өөрсдийн үнэлгээгээ өгдөг. Улмаар Шүүгчдийн тавьсан онооны нийлбэр нь шалгаруулалтын гол үзүүлэлт болдог.
Mining Journal Awards-ын шалгаруулалтын дүнг хараат бус болгодог өөр нэг хүчин зүйл бол олон нийтийн дунд нээлттэй санал асуулгыг бүтэн сарын хугацаанд явуулдаг. Энэхүү санал асуулгын үр дүн олон нийтийн өмнө нээлттэй байдаг бөгөөд нийгэм уул уурхайн салбарын ямар үйл ажиллагааг дэмжиж, ямар түвшний стандарт шаардаж буйг илэрхийлэх нэг ёсны толь болдог билээ.
Энэ жилийн онлайн асуулгад 450 санал ирж, мэргэжлийн байгууллагуудаар авсан асуулгад 270 санал иржээ. Эдгээрийн нийлбэр нь ерөнхий шалгаруулалтын онооны нийлбэр дээр нэмэгдэн, үндсэн үр дүн гардаг.
Уул уурхайн салбарын өндөр эрсдэл, хүнд хөдөлмөр, дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхах учиртай олон улсын түвшний менежмент, улс орон нутагтаа өгч буй өгөөж, үндэсний компаниудыг бэлтгэн нийлүүлэгчээр дэмжин ажиллуулж буй эдийн засгийн үр өгөөж, эх орны экологийг хамгаалах үйлсэд дэлхийн шилдэг туршлага нэвтрүүлж буй эсэх зэрэг олон шалгуур компаниудын өмнө тавигдсан. Олон компани шалгаруулалтад тайлан материалаа ирүүлж, Mining Journal Awards -2011 өнгөрсөн жилийнхээс илүү өрсөлдөөнтэй болж байна.