Нотлогдоогүй мэдээгээр, уг онгоцыг “Gaoxin-6” (G-6) гэж нэрлэжээ. G-6 онгоцыг бүтээхдээ Америкийн радио электрон тагнуулын “EP-3E ARIES II” онгоцны зарим технологийг ашигласан байж магадгүй байна. Энэ онгоц 2001 онд Хятадын мэдэлд очжээ.
2001 оны дөрөвдүгээр сард Хайнань арлын орчим Америкийн EP-3E онгоц Хятадын амдан сөнөөгч J-8II онгоцтой мөргөлдсөн байна. Үүний улмаас Хятадын нисгэгч амь үрэгдэж, харин EP-3E ослын буулт хийжээ. “Хайнанийн үйл явдал” гэж нэрлэх болсон энэ үйл явдал олон улсын дипломат мөргөлдөөн гарахад хүргэсэн юм. Энэ оны зургадугаар сард Хятад олзолсон онгоцоо задалсан байдалтай АНУ-д эргүүлэн өгчээ.
Онгоцыг задлахдаа хятадууд зарим технологийг нь авсан байж магадгүй гэж америкчууд сэжиглэдэг байна.
Хятадын шумбагч онгоц эсэргүүцэгч шинэ нисэх онгоц нь дөрвөн турбин сэнсэн хөдөлгүүртэй бөгөөд сэнс бүр нь зургаан сэлүүртэй ажээ. Онгоцны урд хэсэгт радиолокацийн системын чингэлэг байрлуулсан байна.
Харин сүүл хэсэг нь маш урт бөгөөд шумбагч онгоц илрүүлэх соронзон хайлтын тоног төхөөрөмж суурилуулсан байж магадгүй аж. Хятадууд шинэ онгоцныхоо талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Хэрвээ G-6 нь үнэхээр шумбагч онгоц эсэргүүцэгч нисэх онгоц бол Хятадад бүтээсэн ийм төрлийн анхны онгоц болох юм.
“Монцамэ” агентлаг