Ахмадууд нутагтаа хөл тавив

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Ахмадууд нутагтаа хөл тавив

Өсч төрсөн нутгаасаа алс амьдарч байгаа 33 буурай өнөөдөр агаарын хөлгөөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод газардлаа. Улс тунхагласны 87 жилийн ойн баярын өмнөхөн төрсөн нутгийнхаа газар шороон дээр хөл тавьсан дээрх буурлуудыг аймгийн удирдлагууд, ивээн тэтгэгч компанийнхан хүндэтгэн угтсан юм. Өнөө өглөөний 08.15 минутанд МИАТ-ийн покер 50  онгоцоор тэд Баруун-Урт хотын төвд газардсан юм.

Сүхбаатар нутгийнх ч өдгөө нийслэлд амьдарч байгаа ахмадуудынхаа санааг амрааж, төрсөн нутагт нь авчирч нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг тэдэнд Зоригт захиралтай “Мөнхчулуун” сан олгожээ. Аян замд ая тухтайг нь бодолцож, агаарын хөлгаар нутагт нь авчирсанд Сүхбаатарын ахмадууд талархаж байгаагаа илэрхийлсэн. Тэдний дотор УИХ-ын гишүүн Ч.Улаан ч багтсан байлаа.

Газардсан даруйдаа аймгийн төвийн хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан тэднийг аймгийн Засаг дарга,  Мөнхчулуун сангийн тэргүүн нар хүндэтгэн угтлаа.
Улс тунхагласны  түүхт ойн баярын өмнө уугуул нутагтаа ирсэн тэд аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн өргөөнд өглөөний цагаа уусан юм.  Замын уртад алжаалгүй нутагтаа ирсэнд аймгийн Засаг  дарга  Батсуурь  талархал илэрхийллээ.

Дараа нь аймгийн Жаахан шарга театрт очиж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, “Түмэн эх” чуулгын тоглолтыг нутгийн ахан дүүстэйгаа үзэж сонирхлоо.
Төрсөн нутагта уригдан өнөөдрийн хүндтэй зочид болосн ахмадууд нэг өдрийн турш зон олонтойгоо уулзан сэтгэлээ амирлуулаад, нийслэлийн зүг хүлгийн жолоог залсан юм.

Д.Улаанаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж