Өнөө өглөө Улаанбаатарт газардах хуваарьтай байсан МИАТ-ын компанийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг саатжээ. Учир нь Москва хотод цаг агаар тогтворгүй байгаа учир Улаанбаатарын цагаар 17.00 цаг хүртэл онгоц хүлээж авахгүй гэдгээ ОХУ-ын талаас мэдэгдсэн байна. Хуваарийн дагуу МИАТ-ын онгоц өчигдөр орон нутгийн цагаар үдшийн 19:20 цагт Москва хотын Шереметьево-2 нисэх буудалд газардаж F терминалаас зорчигч нэмж аваад 20:50 минутад хөөрч Улаанбаатарыг зорин нисэх ёстой байжээ. Одоо “Шереметьево-2” нисэх буудалд Улаанбаатарыг зорих зорчигчид нислэгээ хүлээж байгаа аж. МИАТ компаниас өгсөн албан мэдээллээр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгийг Улаанбаатарын цагаар 15.00 цагт хөөргөхөөр төлөвлөсөн байна.
Хоёр хоногийн өмнө МИАТ компанийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэг мөн саатсан. Агаарын хөлөгт техникийн дутагдал илэрсэн тул 232 зорчигчийг 12.48 цагт өөр онгоцоор авч явсан юм.
С.Отгон