Австралийн Засгийн газраас санал болгосон энэхүү хуулийн төслийг парламентын доод танхим нь баталчихаад байгаа. Харин Сенатын дээд танхим нь ирэх оны эхээр хэлэлцэх юм. Хэрэв хууль батлагдвал 2012 оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эд олборлодог уул уурхайн компаниудын хувьд эхний гурван жилд орлогынхоо 30 хувийн татварт ойролцоогоор 11 тэрбум ам.доллар өгнө. Ж.Гиллардын тэргүүлж буй Засгийн газрын саналыг сөрөг хүчин нь эсэргүүцэж, гадаадын хөрөнгө оруулалтыг түлхэж, ажлын байрны тоог бууруулах аюултайг анхааруулсан юм. Түүний хариуд Австралийн Сангийн сайд Вайн Свон “Хэрэв бид үр хүүхдэдээ хүчирхэг Австрали орныг өвлөн үлдээхийг хүсэж байгаа л юм бол энэ хуулийг заавал батлах ёстой” гэжээ. “Хүчирхэг Австрали орон”. Энэ үг өөрөө их хүчтэй сонсогдож байгаа биз.
Өнгөрсөн онд Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд сонгууль болох гэж байгааг ч үл хайхран уул уурхайн компаниудад 40 хувийн татвар ноогдуулахаар зэхэж байсан юм. Харин үүний эсрэг “Рио Тинто” тэргүүтэй компаниуд хүчтэй лобби хийсэн. Үр дүнд сонгуулиар Хөдөлмөрийн нам ялагдал хүлээсэн. К.Радд ч огцорч, оронд нь Ж.Гиллард Ерөнхий сайдын сэнтийд заларсан юм. Тухайн үед “Рио Тинто”-ийн ерөнхий захирал Том Албаниз уул уурхайн гигантуудтай тэмцвэл ямар үр дүнд хүрдэг вэ гэдгийг К.Раддаар жишээ болгон тайлбарлаж байв. Гэвч Ж.Гиллард түүнд таалагддаг Ерөнхий сайд байхыг хүссэнгүй. Тэр К.Раддыг огцорсноос хойш 18 сарын дараа түүний үйл хэргийг үргэлжлүүлэхээр болов. Уул уурхайн компаниудаас авах татварын орлогоороо юун түрүүнд ажилчдын тэтгэврийн сангийн хөрөнгийг нэмж, төсвөө тэлэх бололтой. Гэхдээ энэ нь уул уурхайн гигантууд татвараас зайлсхийхийн тулд янз бүрийн алхам хийхэд хүргэж мэдэх юм.
Хятад, Энэтхэгийн түүхий эдийн эрэлт ихэсч байгаа. Үүнийг дагаад Австралид олборлолт хийж байгаа компаниудын орлого нэмэгдэж, байгалийн баялаг ихтэй баруун мужууд болон Квинсландын ажилчдынх нь цалин ч өсчээ. Харин бусад хэсэгт байдал хэвээр байгаа. Түүнчлэн эдийн засаг нь хэтэрхий хурдацтай тэлж байгааг дагаад нэг салбараас хэт хамааралтай болох аюултайг Ж.Гиллард анхааруулсан юм. Австралид инфляцийн өсөлт ч гаарч байгаа. Тиймээс орлогын тэгш хуваарилалт хийж, инфляцийг бууруулахын тулд 30 хувийн татвар хамгийн үр дүнтэй гэж Австралийн эрх баригчид дүгнэж байна. Үүний хариуд “Экстрата”-ийн нүүрсний асуудал хариуцсан ерөнхий захирал Питер Фрэйберг “Бид энэ асуудлаар Засгийн газартай дахин хэлэлцэх шаардлагатай” хэмээн мэдэгджээ.
Манай оронд 2006 онд гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг батлан хэрэгжүүлж байв. Австралийнхтай адил нэлээд өндөр татвар. Олон хүний эсэргүүцэлтэй тулгарч “Хаана ч байхгүй өндөр татвараар гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж орхилоо” гэж шүүмжлүүлж байсан. Тэр ч байтугай “Д.Дагвадорж Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга болсон учраас 68 хувийн татвар ноогдуулж байгаа юм” хэмээн хууль санаачлагчдын нэг нь ярьснаас болж ухаан муутайгаар дуудуулсан нь ч бий. Гэхдээ энэ хууль хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд манай улсад гадаадын уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү гэхээс биш лав буурсангүй. Харамсалтай нь, гэнэтийн ашгийн татвар улсын төсөвт 68 тэрбум төгрөгийн орлого оруулж, улстөрчдийн сонгуулийн амлалтаа биелүүлэхэд гарах зардлаас бага ч болтугай хугасалж өгснөөс хэтрээгүй билээ. Бас дээр нь ганц “Эрдэнэт” үйлдвэр л татвараа бүрэн төлсөн гэх. Оюутолгойн хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз” ч үүнээс бултаж чадсан юм. Өнөөдөр уул уурхайн салбараас хэт хараат болсон эдийн засагт маань халалт үүсч, инфляци өссөөр байна. Сангийн сайд С.Баярцогт “Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх онд 25 хувиар өснө” хэмээн гайхуулж сайрхах аястай зүйл ярина. Гэтэл цаана чинь австраличууд эдийн засгийн үзүүлэлт нь хэтэрхий хурдацтай нэмэгдэж байгаад санаа зовж байна. Тэд инфляциас болгоомжилж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг сааруулахын тулд 30 хувийн татварыг бодож олжээ.
"Улс төрийн тойм" сонин