Элчин сайд нар буцлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Элчин сайд нар буцлаа

Монгол Улсын Гадаад харилцааны яам Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамтай хамтран Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын гуравдугаар уулзалтыг 2011 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад Европын Холбоо болон түүний 22 улсын гишүүн орнуудын төлөөлөл болох Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Элчин зөвлөх, Зөвлөх зэрэг төлөөлөгчид айлчилсан бөгөөд өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй хэмээн уулзалтад оролцсон дипломатчид онцлож байв.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Их Хурлын Дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарт тус бүр бараалхаж, Гадаад харилцааны дэд сайд Б.Болортой уулзан Монгол Улс, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал, мэдээлэл солилцлоо.

Уулзалтуудын үеэр Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг эцэслэн байгуулах, Монгол Улсыг ЕХ-ны “зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулах”, ЕХ-ны GSP+ хөнгөлөлтийн ерөнхий схемийг үр ашигтай хэрэгжүүлэх, ашиглах зэрэг хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар талууд харилцан санал, мэдээлэл солилцсон болно. Түүнчлэн Монголын тал ЕХ-ны Элчин сайд нарт манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, уул уурхайн салбарт хийгдэж буй ажил, хэрэгжүүлж буй бодлого болон сүүлийн үеийн үйл явдлыг танилцууллаа.

Европын Холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш байх хүсэлтэй байгаагаа албан ёсоор дахин илэрхийлж, энэхүү гуравдагч хөршийн хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Энэ жил ЕХ нь Монгол Улсад анхны Элчин сайд томилсны 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд энэ хугацаанд манай улсад шилжилтийн хэцүү үе, бэрхшээлийг даван туулахад туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж байгаагаа Монголын тал илэрхийлсэн болно.  

Мөн үеэр ЕХ-ны төлөөлөгчид ГХЯ, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан “Монгол Улс болон Европын Холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт уулзалтад оролцож, Монголын бизнесийн төлөөлөгчидтэй уулзан Европын Холбооны гишүүн орнууд руу манай улсын аж ахуйн нэгжүүдийн экспортлодог, цаашид экспортлох боломжтой бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцав.

Элчин сайд нар энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЕХ-ны хоёрдугаар кино өдрүүдийг нээв. Энэ жилийн наадамд ЕХ-ны 10 гишүүн орны сүүлийн үеийн киногоор оролцож байгаа бөгөөд кино өдрүүд 11 дүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Хамтын ажиллагааны чухал механизм болсон энэхүү уулзалтыг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж