МАН-ынхан Бага хурлаа энэ сарын 28-нд хийхээр товлосон бол АН-ын ҮЗХ-ны хурлын талаар “Энэ сарын сүүлчээр болно” гэдгээс өөр сураг алга. Тус намын гишүүд ч “Чимээ алга. Яасан юм бүү мэд” хэмээн гайхширч сууна. Хурлын үеэр чухам юу хэлэлцэхийг УИХ дахь АН-ын гишүүд мэдэхгүй байгаа гэнэ. Үүнийгээ “Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 2012 оны төсвийн төслийг хэлэлцээд юун ҮЗХ-ны хурлын талаар бодох” гэж тайлбарлаж байна билээ. АН-ынхан ҮЗХ-ны хурлынхаа үеэр намын дарга Н.Алтанхуягийг солих талаар ярилцах магадлал өндөр байгаа. Учир нь түүнийг “Унхиагүй. Сонгууль болох хугацаа ойртсон энэ үед юу ч хийхгүй байна” хэмээн ил, далдаар шүүмжлэх хүн гишүүдийн дунд цөөнгүй байна. З.Энхболд гишүүн л гэхэд “Хэрвээ ҮЗХ-ны хурлын үеэр “Намын даргыг солих хэрэгтэй” гэсэн санал гаргавал дэмжинэ” гэж хэлсэн. Түүнээс өчигдөр энэ талаар тодруулахад “Хурлын тов гараагүй байна. Хэзээ болох нь тодорхой болмогц энэ талаар ярина” гэж байна билээ. Магадгүй түүнд бодсон зүйл байж мэднэ. Гэхдээ тус намын гишүүдийн олонхи нь “Намын даргыг солих талаар ярьсан зүйл огт байхгүй. Ташаа мэдээлэл” гэв. Тэд Ардчилсан намын рейтинг бусад намын дунд өндөр байгаа нь намын удирдлагууд сайн ажиллаж байгааг харуулж байна хэмээн ойлгож байгаа ажээ. Ямартай ч Н.Алтанхуяг дарга хурлынхаа товыг одоо хүртэл зарлахгүй байгаа нь өөр рүүгээ чиглэсэн ажиллагаанаас бага ч болов сэргийлэх гэсэн оролдлого байж мэднэ. АН-ын хувьд 2012 оны орон нутгийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 20, 20 сая төгрөгийн дэнчингийн мөнгө авч байгаа. Нийслэлийн АН МоАХ фракцийн хяналтад байдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл орон нутгийн сонгуульд нийслэлээс нэр дэвших хүсэлтэй 82 хүн дээрх мөнгөө одоогоор өгчээ. АН-ын ҮЗХ-ны 226 гишүүний 90 орчим нь МоАХ фракцийнхан болон тэдний дэмжигчид. Тэгвэл тус намын Гүйцэтгэх зөвлөлийн олонхи нь “Алтангадас”-ынхан юм. Тийм учраас ҮЗХ-ны хурлаа яаран зарлахгүй байгаа бололтой.
МАН-ын хувьд Бага хурлаараа намын дарга С.Батболдын илтгэлийг сонсохоос гадна бүтэц, зохион байгуулалт, сонгуульд хэрхэн оролцох талаар болон зарим гишүүнийхээ ёс зүй, хариуцлагын асуудлыг ярих аж. Мөн намынхаа 26 дугаар их хурлаас баталсан дүрмийн дагуу орон тооны гурван нарийн бичгийн даргын нэг болох эмэгтэй нарийн бичгийн даргыг сонгох юм. Харин ёс зүй, хариуцлагын асуудал нь “МАН-ын эсэргүү дөрөв” гэж нэрлэгдэх болсон УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир нарт хамаатай ажээ. Түүнчлэн Хөвсгөл, Говьсүмбэр, Увс, Дорнод аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцож, заримыг нь албан тушаалаас нь буулгах асуудлыг ч Бага хурлын үеэр ярих аж. Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан дөрвөн гишүүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтнүүд авч хэлэлцэн хийсэн үйлдлийг нь буруушаасан гэсэн мэдээлэл гарсан. Харин эсэргүү дөрөв үүний талаар сайн мэдэхгүй байна. Тэдний зүгээс дээрх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарангуут У.Хүрэлсүх генсек рүү утас цохиж “Биднийг шүүмжилж, ёс зүйтэй байх талаар сануулсан нь үнэн үү” гэж асуусан аж. У.Хүрэлсүх “Үгүй. Тийм зүйл огт яриагүй” гэж хариулсан юм байх. Гэсэн хэдий ч Д.Балдан-Очир нарын гишүүд “Ийм яриаг тэднээс өөр хэн гаргах билээ” гэж таамаглаж байгаа бололтой. Бага хурлын үеэр дарга нь биш юм гэхэд хэн нэгэн гишүүн “Намын даргынхаа эсрэг нэгдсэн гишүүдийг хэлэлцье” гэж мэднэ. Мөн хурлын үеэр УИХ-ын 2012 оны сонгуульд ямар тактикаар оролцох вэ гэдгийг хэлэлцэх юм. Сонгуульд амжилттай оролцохын тулд бүтцийн өөрчлөлт хийж, зарим албан тушаалтны тоог нэмж магадгүй байгаа гэсэн сураг ч бий аж. Тиймээс Бага хурлын гишүүн болох хүсэлтэй гишүүдийг хэрхэх вэ гэдэг асуудал тулгарах бололтой. Учир нь МАН-ын Бага хурлын гишүүн болох хүсэлтэй хүмүүсийн тоо 256 суудлын тооноос хэдийнэ давчихаад байгаа ажээ. Ямартай ч гишүүн болох хүсэлтэй хүмүүсийн нэгээр саяхан тус намд элсэж, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллах болсон “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав тодорчээ.
"Улс төрийн тойм" сонин