Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын ноос, ноолуурын холбоо хамтран өчигдөр “Хөнгөн үйлдвэрийн салбарт өндөр технологи нэвтрүүлэх нь” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгууллаа. Хуралд ноос, ноолуур, арьс ширний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд оролцсон юм. Нийслэлийн хэмжээнд анхан шатны бүтээгдэхүүн боловсруулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 13, анхан шатны бүтээгдэхүүн боловсруулдаг 30 гаруй, утас ээрмэл авч, түүгээрээ бүтээгдэхүүн хийдэг 45 аж ахуйн нэгж байдаг ажээ. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн олонхи нь техник, технологийн шинэчлэлийг тодорхой хэмжээгээр хийж байгаа ажээ. Гэсэн ч эцсийн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10 хүрэхгүй хувьтай байгаа нь чамлалттай гэдгийг хурлын үеэр хэлж байлаа. Монголын ноос ноолуурын холбооныхон “Олонхи нь хагас болон бүтэн шинэчлэлт хийсэн. Өмнө нь гар ажиллагаатай болон хагас автоматжуулсан техник хэрэглэдэг байсан юм” гэсэн. Ямартай ч манай улсад малын гаралтай түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нь бий. Тухайлбал, дулаалга, дуу чимээ тусгаарлагч, агаар, бохирдол шүүх төхөөрөмж, газрын тос, нефтийн хаягдал, бохирдлыг шингээгч зэргийг үйлдвэрлэх боломжтой ажээ. Мөн нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд “Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг хотын төвөөс гаргаж, аж үйлдвэрийн парк байгуулах талаар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор 1-2 орчим сарын дараа үйлдвэр байгуулах тендер зарлана. Аж үйлдвэрийн цогцолборыг Эмээлт төв болон Сонгинохайрхан дүүргийн хооронд байгуулахаар төлөвлөж буй. Ойролцоогоор 2-3 жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэж мэдээлсэн. Уг ажилд 2.5 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай юм байна.
М.Баярмагнай: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИЖ БАЙГАА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баярмагнай хурлын үеэр “Инновацийн талаар төрөөс баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.
-Төрөөс инновацийн талаар ямар бодлого баримталж байгаа талаар тодруулахгүй юу?
-Нэмүү өртөг, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулахыг дэмжиж байгаа. Учир нь эдийн засгийн бүтцэд боловсруулах үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбарынхны эзлэх хувь харьцангуй бага. Тухайлбал, экспортын бүтээгдэхүүний 85 гаруй хувийг хагас боловсруулсан түүхий эд эзэлж байгаа. Тиймээс уг салбарт шинэ, өндөр технологи нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан гэсэн үг. Одоогоор инновацийн талаар баримтлах бодлогын талаарх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа.
-Хуулийн төслийг баталбал ямар, ямар арга хэмжээ авах боломжтой болох бол?
-Инновацийн салбарыг чухам яаж дэмжих вэ гэдэг бодлого, зохицуулалтын асуудал тодорхой болно. Тодруулбал, татварын бодлогоор дэмжих үү, зээл, тусламж олгох уу зэргийг шийднэ.
Т.Урангэрэл"Улс төрийн тойм" сонин