Завханаас Д.Балдан-Очирыг delete-лэх үү

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Завханаас Д.Балдан-Очирыг delete-лэх үү

Завхан аймагт ирэх сон­гууль сонирхол тата­хуйцаар өрнөх нь. Тус аймагт нэр дэвших сонирхлоо хүмүүс ил, далдаар илэрхийлж, байс­хийгээд Завханыг зорих нь олширчээ. Парламентад зав­ханчуудыг төлөөлөн УИХ-ын ги­шүүн Ш.Сайхансамбуу, Д.Бал­дан-Очир, Д.Оюунхорол нар бий. Харин ирэх сон­гуулиар тэдэнтэй өрсөл­дө­хөөр Ардчилсан намаас Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав, “Монгол шуу­дан” банкны дэд захирлаар ажиллаж байсан З.Нарантуяа, ХААН банкны орлогч захирал Д.Батсайхан, Ардын намаас Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг нарын нэр дуулдаж буй юм. ХААН банкны орлогч захирал Д.Батсайхан аймгийн салбар банкны захирлаас орлогч захирал хүртэл дэвшсэн нэгэн. Энэ утгаараа завханчуудтай өөрийгөө ойр байдаг гэж үздэг аж. Мөн тэнд зохион байгуулсан арга хэмжээ бүрт очсон харагддаг. Харин Ш.Отгонбилэг агсны хүү О.Сод­билэг сонгуулийнхаа ажлыг хэдийнэ эхэлчихсэн дуулдана лээ. Завхан аймгийн сумдын Ардын намын хорооны дарга нарт найр тавин Бээжинд аялуулахаар урилга илгээсэн гэх сураг байдаг. Түүний ээж Д.Туяа нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэхээр Зав­хан аймагт 2001 онд болсон нөхөн сонгуульд ялж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гэхдээ Д.Туяаг тойрогтоо “Бараг юу ч хийгээгүй” хэмээн завханчууд нэлээд ам муутай байдаг юм билээ.

Иймээс Д.Туяа өнгөрсөн сон­гуулиар Завханаас хөн­дийрч, хүү О.Сод­билэгтээ найд­лага тавьж бай­на. Зав­хан аймгийн Засаг дар­га Я.Санж­мятав УИХ-ын 2004 оны сонгуулиар Ардчилсан намаас ялалт байгуулж байв. Харин өнгөрсөн сонгуулийн үеэр Зуучлалын товчооны шугамаар завханчуудыг Өмнөд Солонгос руу явуулсан гэх яриа бий. Тэрбээр сурталчилгаандаа хөрөнгө зарсан боловч сонгуульд ялагдал хүлээв. Харин намынхан нь түүнд Засаг даргын суудлыг өгсөн юм. “Чамлахаар чанга атга” гэгчээр Засаг даргын нэр хүндийг аймагтаа өргөж яваа гэж нутгийнхан нь хэлдэг. Түүнийг Завханы сумдыг гэрэлтүүлэгтэй болгож, шороон замыг засмалаар сольж, нэгдсэн эмнэлэгт зайн оношлогооны төвийг байгуулсан гэх мэт олон ажлыг хийсэн гэдэг. Мөн завханчуудтай ойр байдаг хүн бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди. Тэрбээр 1992, 1996 онд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж байлаа. Түүнийг унаган нутгаасаа УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшинэ гэх яриа гарах үед УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу түүнтэй уулзаж “Та Монгол Улсын аль ч нутаг, аль ч тойргоос гараад ирэх хүн. Нэг арга бодооч, би Завханд нэр дэвшихээр шийдсэн” гэж гуйсан хэмээдэг. Энэ яриа үнэн, эсвэл худал эсэхийг мэдэхгүй. Ямартай ч Ерөнхийлөгч асан Н.Багабанди Завханд нэр дэвшээгүй юм.

Завханыг хуучнаар МАХН буюу одоогийн Ардын намынханд ээлтэй аймаг гэж болох юм. УИХ-ын 1992, 2008 оны сонгуулиар гурван той­рогтоо Ардын намынхныг /хууч­­наар МАХН/ дуу нэгтэйгээр сон­госон байгаа юм. Мөн Завханд Ардчилсан намаас Сонгуулийн ерөн­хий хорооны дарга асан Ч.Содномцэрэн өнгөрсөн хоёр сонгуулиар нэр дэвшиж байсан. Харин хоёр том намын саналыг хувааж байсан хүн бол Иргэний Зориг намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Ганхуяг. Түүнийг сонгуулийн “од”-гүй гэдэг утгаар “Хоньчин Найдан” хэмээн нэрийддэг байжээ.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир тун ч өвөрмөцөөр сонгуулийнхаа сурталчилгааг хийж байв. Тэрбээр тухайн үед “Мандал” группийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд чамгүй бизнес эрхэлдэг аж. Д.Балдан-Очир сонгуулийн үеэр үүлдэр сайтай ууцан сүүлтэй хуцыг зэргэлдээ аймгуудаас цуглуулан малчдад тараасан нь гэнэтийн бэлэг болсон гэх. Тэрбээр бүх анхаарал, үйл ажиллагаагаа малчдад чиглүүлсэн юм. УИХ-д ормогцоо “Монгол мал” хөтөлбөрийг батлуулж, 20 тэрбум төгрөг төсөвлүүлж чадсан сүйхээтэй эр. Гэхдээ сүүлийн үед намын удирдлагууддаа нүд үзүүрлэгдэх болсон. Учир нь намынхаа болон Ардчилсан намын цөс нь хөөрсөн гишүүдтэй нийлж, “Оюутолгойн гэрээг өөрчил, Ерөнхий сайдыг огцруул” гэхчлэн хашгирч буйгаас болж 2012 оны сонгуульд нам нь нэр дэвшүүлэх эсэх нь эргэлзээтэй болчихсон. Тэгэхээр тус тойргоос Д.Балдан-Очирыг delete-лэх бо­лов уу. Харин УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу бол Д.Балдан-Очир гишүүнийг бодвол сэргэлэн. Анх Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж ярьж байсан боловч Ерөнхий сайдыг огцруулах тухай яриа гарангуут нэрээ татчихав. Иймээс Ш.Сайхансамбууд нам нь муухай хандах эрхгүй болж байгаа юм. Гэхдээ мөнгөний өмнө сөхөрдөг учир Ардын намынхан Ш.Сайхансамбууг орхихгүй нь мэдээж. Энэ утгаараа мөнгөтэй хүнийг амжилт дагадаг бололтой. Тэрбээр өнгөрсөн сонгуулийнхаа үеэр бараг шуудайтай мөнгийг хажуудаа тавин хүмүүст тарааж байсан гэх явган яриа байдаг юм билээ. Бас болоогүй, тойрогтоо томоохон гурилын үйлдвэр байгуулсан аж. Энэхүү үйлдвэртээ нэлээд хэдэн ажлын байрыг бий болгоод зогсохгүй аймаг, сумынхныхаа гурилын хэрэгцээг хангачихдаг гэнэ лээ.

Парламентад суугаа гурван эмэг­тэйн нэг нь Завханаас нэр дэвшин ялалт байгуулсан Д.Оюунхорол юм. Энэ эмэгтэйн улс төрийн түүх сонирхолтой үйл явдлаар дүүрэн. Тэрбээр 2000-2004 онд парламентын гишүүнээр ажилласан. Харин 2004 оны сонгуульд намаасаа тойрог авч чадалгүй бие даан нэр дэвшиж ялагдсан юм. “Отгонтэнгэр” их сур­гуулийн  захирал  Д.Оюун­хоролыг намынхаа эсрэг байр суурьтай байлаа хэмээн Ардын намынхан түүнд хатуухан хандсан. Түүнийг Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг дуудахад нь очоогүй гэх. Энэ бүхнийхээ талаар тэрбээр “2004 оны гуравдугаар сараас эхлэн надад улс төрийн асар их дарамт ирсэн. Би буруу гишгээгүй, миний нутгийн ард түмэн намайг улстөрч болгосон, тэр итгэлийг нь би эвдээгүй. Тийм байтал яагаад ийм дарамт амсах ёстой юм бэ гэж өөртөө хэлж байсан. Яах вэ, дарга нарын гутлыг нь долоож, худлаа үнэн юм ярьж, бялдуучилж, зусардаж чадаагүйгээрээ л хасах оноо авсан байх” хэмээж байлаа. Харин одоо Д.Оюунхорол намын эмэгтэйчүүдийн байгууллагыг тол­гойлж, парламент дахь эмэг­тэйчүүдийн оролцоог нэмэхээр ажиллаж буй.

Завханчуудын сонгосон, сон­гоогүй, сонгож магадгүй хүмүүс энэ мэтчилэн олон. Гэхдээ УИХ-аар хэлэлцэж байгаа Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал гурван тойрогтой Завханы тойрог хоёр болж буурна. Тиймээс УИХ дахь Ардын намын гурван гишүүний нэг нь тойроггүй үлдэхээр байгаа. Чухам хэн нь тойроггүй үлдэх нь гишүүдийн хийж буй үйлдлээс тодорхой биз.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж