“Би яг л бүслэлтэд байгаа мэт амьдардаг”

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

“Би яг л бүслэлтэд байгаа мэт амьдардаг”

Дэлхий даяар дуулиан шуугианыг тарьсан “Харри Поттер”-ын зохиолч Ж.К.Роулинг ийнхүү ярив. “Гарах гарцгүй бүслэлтэд орсон мэт эсвэл барьцаанд байгаа юм шиг санагддаг” хэмээн тэрбээр хэвлэлийнхний байнгын мөрдөлтөд байдаг амьдралынхаа тухай өгүүлэв. Орж гарах бүрт гэрийнх нь гадаа отож байдаг сэтгүүлчид ийм мэдрэмж төрүүлдэг гэнэ. Түүний хэлж буйгаар сэтгүүлчид улам л эрээ цээргүй, улам түрэмгий болж байгаа аж.

Өдгөө 46 настай Роулинг анх 1997 онд “Харри Поттер”-ийн анхны цувралаа хэвлүүлснээс хойш хэвлэлийнхний анхаарлыг татаж эхэлсэн билээ. Ядуу тарчиг, ганц бие эх өнөөдрийн хамгийн баян зохиолчдын нэг болох хүртэлх энэ он жилүүдэд түүнийг сонирхох, тагнах, мөшгих шар хэвлэлүүдийн сонирхол улам бүр ассаар. “Том охин маань нэг өдөр сургуулиасаа ирэхдээ халаасандаа надад хаягласан нэгэн сэтгүүлчийн захидлыг хийчихсэн байсан. Хүүхдүүд маань ядаж сургууль дээрээ шар хэвлэлийнхнээс хол байж чадахгүй байна гэж бодохоор ямар их уур хүрсэн гээч” хэмээн Роулинг хуучиллаа. Нөхөр рүү нь татварын байцаагч хэмээн худал хэлж ярин, хувийн мэдээллийг олж авсан нэгэн сэтгүүлч тэр өдөртөө л сониныхоо эхний нүүрэнд тэдний тухай нийтлэлээ бичиж байжээ. Тэр ч байтугай 2007 онд “Харри Поттер”-ийн шинэ цуврал хэвлэгдэхээс өмнө Роулингийн охиных нь ангийн багш руу утасдан “Харри Поттер энэ цуврал дээрээ үхдэг гэж зохиолчийн охин хэлсэн, үнэн болов уу?” хэмээн нэгэн сэтгүүлч номын үйл явдлыг мэдэхийн тулд худлаа ярьж байсан тохиолдол хүртэл бий гэнэ.


Эх сурвалж: http://news.yahoo.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж