МАН-ын байрнаас хүн унаж, гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

МАН-ын байрнаас хүн унаж, гэмтжээ

Энэ явдал уржигдар шөнө буюу лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шө­нийн 01.15 цагийн үед болжээ. А.Даваадорж гэгч барилгачин залуу чухам яагаад зургаан давхраас унаж бэртсэн талаар холбогдох хүмүүс мэдээлэл өгөхөөс татгалзав. Тэрбээр 21 настай, “Өндөр Буянт” компанид барилгачнаар ороод багагүй хугацаа өнгөрсөн аж. Саяхан Ардын намын шинэ байр болох Тусгаар тогтнолын ордонд гал гарч багагүй сандаргасан. Харин одоо зургаан давхраас хүн унаж гэмтлээ.   А.Даваадоржийн биеийн  байдал  тун  хүнд бай­на. Унах үедээ дагзаараа савж, хүнд гэмтэл авсан аж. Өчигд­рийн байдлаар түүний ар гэ­рийнхэн болон хамаатан са­дангууд нь Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) дээр түүнийг са­хиж өнжлөө. МАН-ын зү­гээс энэ талаар чандлан нууцлах ту­шаалыг барилгын ажилчид болон холбогдох хүмүүст өгсөн бололтой. А.Да­ваадорж өчигдөр нуруу ну­гасны бүх шинжилгээг өгөөд одоо ГССҮТ-ийн Тар­­хи, нуруу нугасны кли­никийн тасагт эмчлүүлж байгаа аж.

Түүнийг дүрс оношилгооны тасгаас насылк дээр хэвтүүлэн гаргаж ирэхэд тэрбээр ухаан нь орж гаран байгаа нь илт харагдаж байлаа. Тархины арын хэсэгт хүчтэй гэмтэл авсан бололтой хажуу тийш харуулан хэвтүүлсэн байв. Мөн нүд, хамар, амны хэсэгт хөхөрсөн байдалтай байсан юм. Хэн ч харсан үнэхээр сэтгэл эмтэрмээр. Эгч нь бололтой нэг эмэгтэй утсаар ярьж байхыг санамсаргүй сонслоо. Тэрбээр “Өчигдөр манай дүү МАН-ын шинэ ордны зургаан давхраас уначихаж. Яаж байгаад унасан шалтгаан нь одоохондоо тодорхойгүй байна. Энэ талаар өөрөө ам нээхгүй байна. Одоогийн байдлаар (өчигдөр 15.10 цагийн үед) МАН-аас нэг ч хүн ирээгүй байна. Ямар сайндаа өөрсдөө эмчтэй нь уулзаад эмчилгээ энэ тэрийг нь эхлүүлчихээд байна. Өнөө шөнө хэр өвдөж хонох бол доо, бүү мэд. Хөөрхий, миний дүү” гэв.

Уг нь ГССҮТ аливаа өвчтөний биеийн байдлаас хамаарч эмч нарын хурал хийж өвчтөний талаар зөвлөлддөг. Харин өнөө шөнө (өнгөрсөн шөнө)-ийг  А.Даваадорж бие хэрхэн давахаас шалтгаалж тархины хагалгаа хийх эсэхээ эмч нар шийдэх учиртай. Хэрэв хариуцсан эмчийн зааврын дагуу  хагалгааны эмч нарыг яаралтай хуралдуулж “Өвчтөнд хагалгаа хийх шаардлагатай” гэж үзвэл хагалгааны зардлын асуудал тулгарах нь ойлгомжтой. Хамгийн гол нь А.Даваадоржийг эрүүл боллоо гэж сайнаар бодоход дараа нь түүний толгой хатгаж өвдөх, элдэв хүндрэл гарахыг хэн ч тааварлашгүй. МАН-ын нэр бүхий зарим албан тушаалтан өнгөрсөн амралтын өдөр болсон галын осолтой холбогдуулан “Ямар ч байсан МАН-ын шинэ ордон 26-нд нээлтээ хийх нь тодорхой. Үүний тулд ажилчдыг хоёр ээлжээр өдөр, шөнөгүй ажиллуулна” гэх мэт зүйл ярьсан. Харин энэ яриа биеллээ олж А.Даваадорж гурван өдөр, гурван шөнө зогсоо зайгүй ажиллах үеэрээ унаж бэртжээ. Энэ хэний буруу вэ, эрхэм намын дарга нар аа. Өдөр, шөнөгүй ажилласнаас болж нэг хүн хүнд байдалд ороод байна. Цаашид түүний эрүүл мэндийн талаар ямар арга хэмжээ авах вэ. Сэтгэл санаа эрүүл мэндийн гээд өч төчнөөн хохирол амссан залуу хөдөлмөрийн чадвараа алдах юм бол хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ. Нэг ордонд гэнэтийн ослоор гал гараа л биз. Цаг хугацаандаа амжуулах гээд өдөр, шөнөжин барилгачдаа амраахгүй ажиллуулсаар байгаад бусдыг хүнд байдалд орууллаа. Энэ талаар дахин сурвалжлах болно.   

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж