Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Итгэмээргүй л байна

Тун
ч удахгүй сонгууль болно доо. Хууль нь төрөхөөр дуншиж байна. Манай
нөгөө янз бүрийн юманд шуналтай, сонирхолтой 76 дахин дулаан ордондоо
эвсэлдэх нэрээр тэврэлдэн суух “нүхээ” малтаж буй гэж ярих юм. “Би
зүгээр л маарамбынд очих гээгүй, тэргийг нь гуйх гэсэн юм аа” гэдэг шиг
тэд зүгээр л тэндээс Оюутолгой, Тавантолгойг “бүтээн босгоход
оролцсоноороо” хэрхэн ажиллахыг нь ажиглан ард түмэндээ мөнгө олж өгөх
сонирхолтой байгаагаас л тэр байлгүй.

Төрийн шагналтан
Ц.Доржготов гуай тэднийг авлигачид гэж хэрэггүй хэлсэн юм даа. Бүр
дээрээс нь тэдний нэрийг бүү дугуйл гэснийг яана. Баригдаагүй бол
хулгайч биш гэсэн нэг үг байсныг төрийн шагналтан энэ зун бичихдээ
мартсан байх. Нэгэнт батлагдаагүй учраас авлигач гэж болохгүй шүү дээ.
Саяхан хөлсний тэргэнд явж байтал түгжрэл ихтэй удаан замд жолооч нь
ядраад элдвийг сонин болгон ярьж байлаа. “Тэр Баярцогт сайд чинь уурхайд
томоос том гурван машинаа түрээслүүлээд нэг машинаа ажиллуулсны хөлсөнд
цагт 200-300 ам.доллар авдаг гэнэ. Бүр гурван машинтай гэнэ шүү” гээд л
бас нэг батлагдаагүй юм ярих аж. Үүнд итгээд хэрэггүй л дээ. Гэхдээ
овоо босгоогүй бол шаазгай юу боллоо гээд л тэнд сууж байх билээ, тийм
үү?  “Аав аа, ээж ээ, хараарай, надад гурван машин байхгүй” гээд л сайд
тангараглана шүү дээ.

Алтанхуяг сайдыг  хар. Зүв зүгээр
бондойгоод сууж байна. Шадар болохоор өөр юм байна. Сангийн сайд байхдаа
өмнөд хөрштэй хийсэн гэнэн гэрээгээ одоо тэр хийхгүй. Тэр ямар гэрээ
байсан гэж үү. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээндээ хувийн нэг
компанийн нэрийг хавчуулж байгаад “Бид та нарт нүүрсээ зах зээлийн биш
орон нутгийн чинь  үнээр нийлүүлээд байя” гэж амлаад тамга дарсан бичиг
байдаг юм билээ. Одоо бол тэгж амлахгүй л дээ. “Цаад учир нь юу вэ гээд л
АТГ шалгавал яана” гэж сайн мэдэж байгаа. Баригдаагүй бол юу билээ? Энэ
дөрвөн жилд сайхан бондойгоод л эвсэрхэг гэдэг нь яана.

Гэхдээ
баригдсан  гээд гэмтэн биш болдог жишээ байна. Хурц гэдэг хүн дэлхийн
нөгөө хэсэгт баригдан шалгуулсан ч зүгээр ирээгүй бил үү?  Бүр дээр нь
гайгүй тушаал авлаа. Даалгавар өгч явуулж байсан дарга нараа АТГ-аар
шалгах юм шиг байгаа юм. Манай Их хурлын удирдлага мөн ч гярхай уужуу
ухаантайг яана. Түүнийг зүгээр ирэхийг нь мэдээд л АТГ-ын авлигач дарга
нарыг шийтгэж, суудлыг нь зассан хэрэг. Ер нь бол “авлига гэж аюултайг”
манай Их хурал Гонконгоос сайн мэдэж байна. Тэнд бол олон нийтийн хяналт
авлигыг зогсооно гэдэг юм гэнэ лээ. Манайд бол хортой авлигыг цагдаа,
тагнуулчдаар даруулна гээд гайгүй сэтгэж байгаа биз дээ, аан?

Ц.Нямдорж
сайдад юу боллоо гээд л сая сая доллар байх билээ. Цалингаараа
“түрээслэдэг” хүнийг Энхбаяр экс золтой л “алчихсангүй”. Дээр нь
түрээсийн байрыг нь дугуйлаад, бас нэг сая ногооны харшийг нь дугуйлаад
нэгэн сонин зураг юуг нь гаргачихсан байдаг. Уул нь “шараа тайлах
төдийгөөр шан бэлэг авч явсан” гээд нэг үе шуугуулж байснаа одоо
томоожоо биз дээ. Олон жил өвөр түрийдээ оролцон найзалж явсан тэднийг
хэрэлдлээ гэхэд итгэмээргүй л байна. Алиалж,  алжаалаа тайлж байгаа
байлгүй дээ.

“Авлига авчихлаа наад хүнийхээ дархан эрхийг нь
цуцлуулаад өгөөч” гээд гуйгаад байхад нь хайцаалаад үлдсэн нөхөрсөгийн
нэгэн жишээг Их хурал харуулсан. Одоо тэр хүнээ дараагийн сонгуулиар
гаргахгүй бол дархан эрх нь дуусна шүү дээ гэдгийг дашрамд нь
сануулчихвал буруутдаг болов уу.

За аль дэмий юм бодохыг тэр
гэхэв. Албан газар бүр нь бөхтэй, дарга бүр нь хурдан морьтой, морь бүр
нь шахуу хөшөөтэй, эхнэрүүд нь компанитай, компани нь мөнгөтэй байхад
тэд бүгд л сайн суулгүй яахав. Энэ А.Шархүү элдэв яриа сонсоод л, хачин
шүү. За, больёо. Үлдсэн нь би алга гэж магадгүй учраас та хэд цаадуулаа
төлөөлчих. Ард түмний төлөөлөгч гэдэг юм чинь. Далан зургаа яагаад ард
түмэн биш гэж? Би та нарыг тийм ийм гэхэд итгэхгүй байгаа шүү. Битгий л
Уянга шиг болгочихоорой.  Эртнээс хэлчихье. За, баяртай. Ирэх сонгуульд
амжилт хүсье.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж