Тухайлбал, АНУ-ын “World Politics Review” сэтгүүлд Шанхайн байгууллагын өргөжих ирээдүйн төлөвийн талаар бичиж нийтэлсэн байна. Энэ сарын эхээр Оросын Санкт-Петербург хотноо болж өнгөрсөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын арав дахь уулзалтаар өмнө нь хүлээгдэж байсан зарим өөрчлөлт ороогүй гэдгийг тус сэтгүүл онцолжээ.Тус байгууллагад шинээр гишүүн элсүүлэх асуудал энэ удаа ч мөн хойшилсон байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нэлээд дээрээс шинэ гишүүн элсүүлэх журам тогтоох тухай асуудлыг сөхөж тавьсаар ирсэн боловч шинээр бүрэн эрхэт гишүүнээр болон ажиглагчаар элсүүлсэн тухай ямар ч мэдээлэл гараагүй юм. Одоо болтол ШХАБ-ын одоогийн гишүүн орнууд шинээр ямар орныг гишүүнээр авах тухай болон ажиглагчаар элсүүлэх талаар өөрсдийн санал зөрөлдөөнийг давж гарч чадаагүй л байгаа аж.
Нөгөө талаар ШХАБ-ыг өргөжүүлэх нь тус байгууллагын нэр нөлөөг сулруулж магадгүй гэж болгоомжилсон ч байж болох юм. Ер нь ч ШХАБ-ыг өргөжүүлэх асуудал нь мухардмал байдалд орчихоод байгаа нь ил болоод байгаа билээ. Шанхайн байгууллагын бүрэн эрхэт гишүүнээр 2001 онд элсэн орсон ОХУ, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстан болон Узбекистан зэрэг орнуудаас өөр ямар ч улсыг ийм статустайгаар хүлээж аваагүй л байна. Мөн сүүлийн зургаан жилд нэг ч улс орныг шинээр ажиглагч болгон аваагүй байгаа бөгөөд 2004-2005 онуудад Шанхайн байгууллагын ажиглагч орноор элссэн Монгол,Энэтхэг,Иран, болон Пакистан улсууд л ийм эрхийг эдэлсэн хэвээр байгаа юм.
Гэхдээ үйл ажиллагаагаа өргөтгөхийн хэрээр өөр бусад оролцооны хэлбэрүүдийг ч бас бий болгосоор ирсэн аж. Тухайлбал Шанхайн байгууллагын яриа хэлэлцээний түнш гэх статусыг бий болгосон байгаа бөгөөд энэ чиглэлээр АНУ болон Турк зэрэг өрнөдийн нөлөө бүхий орнууд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсээр байгаа юм. Мөн Шанхайн байгууллагын албан ёсны ажиглагчийн эрхийг авах гэж олон орон санал хүсэлт тавьж шавдуулсаар байгаа гэнэ.Үүний зэрэгцээ одоогоор ажиглагчийн эрхтэй байгаа орнууд тухайлбал Иран, Пакистан, Энэтхэг улсууд бүрэн эрхэт гишүүн болж статусаа дээшлүүлэх өргөдлөө гаргаад байгаа юм байна. Гэвч одоо болтол Шанхайн байгууллагад элсэн орох хууль эрхзүйн зохицуулалтыг бий болгож чадахгүй байсаар өдий хүрч байна.
Харин 2010 онд болсон Шанхайн байгууллагын хуралдааны үеэр ямар орныг элсүүлэн авах талаар эхний шалгуур бий болж эхэлсэн байдаг. Тэнд дурдсанаар бол тус байгууллагад Евразийн нутагт байх ямар ч улс орон элсэн орж болно гэж заажээ. Тэгэхдээ тухайн орон нь Шанхайн байгууллагын гишүүн бүх орнуудтай эдийн засгийн болон хүмүүнлэгийн идэвхтэй харилцаатай байх, НҮБ-ын зүгээс ямар нэг хориг тус улсад тавиагүй, мөн бусад ямар нэг улстай зэвсэгт мөргөлдөөнд ороогүй байх шаардлагатай гэж заажээ. Мөн Шанхайн байгууллагын албан ёсны ажиглагч эс бөгөөс түнш орон байх ёстой гэж тодорхойлсон байгаа гэнэ.
Гэхдээ энэ тунхаг бичгийг эцсийн байдлаар баталж гаргахад дахиад ч хугацаа хэрэгтэй гэж Шанхайн байгууллагын бүрэн эрхэт гишүүд үзэж байгаа гэнэ. Хэдийгээр тунхаг бичгийг энэ оны дундуур Астана хотод болсон ээлжит уулзалтын үеэр гишүүн орнууд дэмжсэн ч одоо болтол шинээр элсүүлж авах байдал гарсангүй. Гишүүн орны тоог өргөтгөхгүй байх олон шалтгааны нэг нь харилцан тэнцвэргүй байдал болж байна.
Тухайлбал Шанхайн байгууллагын орнуудын нэр нөлөө, эдийн засгийн болон цэрэг зэвсгийн хүч бололцоо, газар нутгийн байрлал болон хэмжээ хязгаар зэрэг олон зүйл адилгүй байгаа нь тус байгууллагаас гарч байгаа шийдвэр бодлогыг дэмжих, харилцан гэрээ хэлэлцээр хийхэд заримдаа саад болж байдаг ажээ. Иймээс дээр дурдсанчлан шинээр гишүүн элсүүлнэ гэдэг нь нэг талдаа нэр нөлөөгөө ихэсгэх арга мөн ч нөгөө талдаа үйл ажиллагаандаа эрсдэл дагуулах болчихоод байгаа бололтой.
Жишээ татахад Шанхайн байгууллагын гишүүн орнууд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг дэмжих байр суурь баримталдаг. Гэтэл Шанхайн байгууллагад бүрэн эрхэт гишүүнээр элсэн орохыг зорьж шаргуу хөөцөлдөж байгаа Энэтхэг болон Пакистан улсууд энэ гэрээг үл хайхран цөмийн зэвсэг бүтээж одоо цөмийн зэвсэгтэй орнуудын тоонд ороод явж байна. Хэрэв энэ хоёр улсыг Шанхайн байгууллагад элсүүлбэл Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх байр суурин дээр байгаа Хятад болон Орос гэсэн хоёр гол гишүүн орны ч байр суурь ганхах аюул бий болох магадлалтай байгаа юм. Тэгээд дээр нь одоо ч олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс цөмийн хөтөлбөртэй нь холбоотой бөөн хардлага сэрдэг дагуулсаар байгаа Ираныг элсүүлэн авах юм бол Шанхайн байгууллага дээрхи олон улсын чухал гэрээг дэмжих санаачлагаа алдахад хүрэхээр байгаа гэнэ.
Ер нь Шанхайн байгууллагад элсэхийг гойд чармайж буй Иран болон Пакистан хоёр орны хувьд тэднийг хүлээж авахаас цааргалдах өөр ч шалтгаанууд байгаа юм. Мэдээж энэ бол бүс нутаг дахь терроризмын асуудалтай дээрхи орнууд байнга холбогдож байгаа явдал юм. Мөн үүний дээр эдгээр орон нь эдийн засгийн хувьд сулхан байгаа нь ч мөн гишүүнээр элсэн ороход нь саад болж байгаа ажээ.
Харин Шанхайн байгууллагын орнууд өөрийн байгууллагад элсүүлэхээр чармайж байгаа улс бол Туркменистан юм. Байгалийн хийгээр баян энэ улс Шанхайн байгууллагын гол гишүүн орнуудын бий болгохоор төлөвлөж байгаа эрчим хүчний хамтын ажиллагаанд тун ч ашигтай “нэмэгдэл” болох тул ингэж сонирхож байгаа нь аргагүй. Гэвч Туркменистан улс бүс нутагтаа харилцаан үнэмлэхүй дундыг барих бодлого барьж байгаа учраас Шанхайн байгууллагад төдий л анхаарал тавихгүй байгаа аж. Нөгөө талаар хэрэв энэ улсыг Шанхайн байгууллагын гишүүнд элсүүлбэл өчнөөн олон жил санал тавиад элсэж чадахгүй байсан бусад ажиглагч орнууд дургүйцэх магадлалтай байгаа аж.
Энэ бүхний хажуугаар Шанхайн байгууллагын дотоод асуудал ч бас дээрх өргөтгөх бодлоготой холбогдон дэвэрч магалдгүй байгаа ажээ. Шинээр гишүүн элсүүлэх асуудлыг Шанхайн байгууллага дахь Дундад Азийн орнууд төдий л анхаарч үзэхгүй байгаа юм. Энэ нь нэг талаасаа байр сууриа алдахгүй гэсэн хардлагатай нь холбоотой гэж ажиглагчилд үзэж байгаа аж. Шанхайн байгууллагад шинээ гишүүн болон орж ирэх орнууд геополитикийн илүү их идэвхитэй нөхцөлд байгаа нь яваандаа тус байгуулагын гишүүн Дундад Азийн орнуудын байр суурийг доошлуулна гэж тэд сэрэмжилж байгаа бололтой. Улмаар одоохондоо Дундад Азийн бүсэд анхаарал нь төвлөрч байгаа Шанхайн байгууллага яваандаа Өмнөд Ази,Будангийн орнууд гэх зэрэг өөр бусад бүс нутаг руу хазайх вий гэж Дундад Азийнхан эмээж байгаа ажээ. Тэгээд ч Шанхайн байгууллагын хамтын ажиллагааны үр ашгийг бусадтай хуваалцах сонирхол ч бага байгаа нь мэдээж.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин